Боловсрол, соёл, хүмүүнлэг

Монгол-Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхэн замнал

  • 1913 онд Консулын дэнж дэх орос, монгол хэл бичиг заах сургуульд сурч байсан Х.Чойбалсан нарын 13 хүүхдийг Оросын Эрхүү(8), Хиагт хотуудад(5) суралцуулахаар анх илгээв.
  • 1912 онд Хужирбуланд Хаант Орос Улсын мэргэжилтнүүдийн туслалцаатай цэргийн бага ахлагч нарыг бэлтгэх цэргийн сургууль нээгдэж, Д.Сүхбаатар Х.Чойбалсан нарын 1900 цэрэг суралцан төгсөв.
  • 1921 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр анх 15 монгол хөвгүүд, охидыг Зөвлөлт Улсын Дорно дахины Коммунист их сургуульд(КУВТ) сургаж эхэлсэн байна. Энэ үйл явдлыг Зөвлөлт Холбоот Улсад монгол иргэдийг сургаж эхэлсэн үе, хоёр орны боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан он гэж тэмдэглэж ирсэн.
  • 1922-1926 оны хооронд нийт 200 гаруй Монгол оюутан Зөвлөлт Улсын их сургуулиудыг төгсчээ. Тэдгээрийн дунд Мөнх-Очирын Гомбожав(Мэргэн гүн) Ленинградын улсын их сургууль, Бямбын Ринчэн Ленинградын Дорно дахиныг судлах институт, их зохиолч Дашдоржийн Нацагдорж(гэргий Пагмадуламын хамт) Ленинградын цэргийн сургуулийг тус тус төгсжээ.
  • 1930-аад онд Москва, Ленинград, Эрхүү, Улаан-Үүд зэрэг хот монгол оюутнуудыг бэлтгэн сургадаг гол төв болж, Эрхүүгийн дээд сургуулиудын дэргэд монгол оюутнуудад зориулсан орос хэлний бэлтгэл анги нээгдэв.
  • 1930-аад оны эхээр Эрхүүгийн их сургуульд багш, хүн, малын их эмч нарыг бэлтгэхийн сацуу Хиагтад дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байлаа.
  • 1938 онд Ю.Цэдэнбал Эрхүүгийн Санхүү эдийн засгийн дээд сургууль, Ц.Дамдинсүрэн Ленинградын Дорно дахиныг судлах институтэд тус тус суралцан төгссөн.
  • Аугаа Эх орны дайны дараа, 1960-аад онуудад монгол оюутнуудыг уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарт онц шаардлагатай инженер-техникийн чиглэлээр бэлтгэж эхлэв.
  • Монгол оюутнуудын ЗХУ-д суралцаж байсан оргил үе нь 1980-аад он юм. Жилд 1300 гаруй оюутан Зөвлөлт Холбоот Улсын их, дээд болон дунд мэргэжлийн, 1000-аад оюутан техник мэргэжлийн сургуулиудад тус тус элсэн суралцаж байв. Эрхүү хотод 2000, Москвад 1000 гаруй, Ленинград хотноо 800-аад оюутан 200 гаруй төрлийн мэргэжлээр 287 их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудад сурч байв.
  • 1990 оноос хойш одоог хүртэл ОХУ-д мэргэжил эзэмшсэн 30.000-аад иргэн ажиллаж байна. Жилд ойролцоогоор 270-300 монгол иргэн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой болсон.
  • Өнөөдөр ОХУ-д соёл урлаг, зэвсэгт хүчин, эдийн засаг, инженер техник, хууль эрх зүй, хүмүүнлэг, анагаах ухааны салбарт ойролцоогоор 2000 гаруй оюутан залуус тэтгэлэгтэй суралцаж мөн төдий хэмжээний оюутан хувиараа суралцаж байна.

Монгол-Оросын соёлын хамтын ажиллагаа

Монголын үндэсний төв театр 1931 онд байгуулагдаж, 1963 онд Чайковскийн «Евгений Онегин» дуурь тавьж шинэ улирлын нээлтээ хийснээр Улсын Дуурь Бүжгийн театр гэж нэрлэгдэх болж, өргөжин тэлж, үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, бүжиг дэглээч Д.Лхасүрэн, Б.Жамьяндагва, Д.Бэх-очир, бүжгийн багш Ж.Жав, гоцлол дуучин Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Ж.Дамиран, А.Загдсүрэн, төгөлдөр хуурч Шагдарсүрэн нарын хүмүүс тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцсанаар XX-XXI зууны Монголын оюун санаа, урлагийн нэр хүндтэй манлайлагчид болсон билээ.

1955-1956 оноос ЗХУ-ын Пермь, Ташкент хотод бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь Улсын Дуурь Бүжгийн театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Тодорхой хугацаагаар завсарласан хэдий ч 2001 оноос эхлэн жил бүр Оросын соёлын өдрүүдийг Монгол Улсад, Монголын соёлын өдрүүдийг Москва, Эрхүү, Улаан-Үүд, Элиста хотуудад зохион байгуулж байна. Түүнчлэн жил бүр оросын циркийн аялан тоглолтыг Монгол Улсад зохион байгуулдаг уламжлалтай.

Сүүлийн 5 жилийн хугацаанд Оросын сонгодог бүжгийн одод өөрсдийн тоглолтоо Монгол Улсад, Монголын алтан хоолойтнууд сонгодог урлагийн тоглолтоо Их театрын тайзнаа олны хүртээл болгож ирсэн бөгөөд МУГЖ Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын ХV уралдаанаас Гран-при шагналыг хүртэн улмаар Санкт-Петербург хотын Марийнскийн театрт оросын уран бүтээлчидтэй хамтран тоглож байгаа нь хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааны нэгэн сайхан үлгэр жишээ болж байна.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.