Худалдаа, эдийн засаг

БНМАУ, ЗХУ-ын хооронд 1923 онд анхны  худалдааны хэлэлцээр байгуулагджээ. 1923-1924 онд Монгол Улсын гадаад худалдааны экспортын 14% ЗХУ-д ноогдож байсан бол 1928-1929 онд 85,5% болж өсчээ. Зөвлөлт Холбоот Улс 1931 оноос монголын мах, түүхий эд импортлогч, манай улсад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортлогч гадаад худалдааны гол түнш орон байв.

 “Монгол Улсын Засгийн газар, Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар хоорондын худалдааны гэрээ”-г 1957 онд урт хугацаагаар байгуулж, уг гэрээгээр худалдааны тааламжтай нөхцөл болон төрөл бүрийн хөнгөлөлтийг харилцан олгосон. Энэхүү гэрээний үндсэн дээр бараа эргэлтийн болон худалдааны төлбөрийн тухай хэлэлцээрийг таван жилээр, худалдааны Протоколыг жил жилээр байгуулан хэрэгжүүлдэг байсан.

1990 оныг хүртэл БНМАУ, ЗХУ нь социалист системийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс байсан бөгөөд 1991 оноос ЗХУ задарч, ОХУ бий болсон, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх болсон.

Хоёр улсад  нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байсан он жилүүдэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хумигдаж, зогсонги байдалд орсон хийгээд 2010 оноос хойш харилцаа аажмаар сэргэж эхэлсэн.

screen

Олон улсын зах зээлийн таагүй нөхцөлийн улмаас нийт бараа эргэлт 2015 онд 1,2 тэрбум ам. доллар болж 23%-иар буурсан байна.

2016 оны 4 дүгээр сард “Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” байгуулж,   хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой арга хэмжээ, зорилтууд  тусгасан.

ОХУ-д дараах бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой:

  • Мах, сүү, арьс шир болон малын гаралтай бүтээгдэхүүүн
  • Сүлжмэл эдлэл буюу хувцас, гутал
  • Хүнсний бүтээгдэхүүн

Дээрх бүтээгдэхүүнүүдийн худалдааг нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэх асуудлаар холбогдох хэлэлцээр байгуулах, ОХУ-ын оролцоотой бүс нутгийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, харилцан ашигтай түншийн тогтолцоог хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.

2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд хамтын ажиллагааны тухай санамж бичиг” байгуулж,  Монгол Улс, Евразийн гишүүн орнуудын бүх талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, худалдааг хөгжүүлэхэд саад болж буй бэрхшээлүүдийг арилгах чиглэлээр хамтран ажиллаж байна.

ОХУ 1990-2014 онд Монгол Улсад нийтдээ 297 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнээс 27.2% нь геологи хайгуул, 15.5% нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, 12.3% нь санхүүгийн байгууллага, 9.7% нь хүнсний үйлдвэрлэл, 6.5% нь тээвэр, 6.3% нь худалдаа, үйлчилгээний салбарт ноогдож байна.

Одоогийн байдлаар манай улсын геологи хайгуул, уул уурхай, хүнс, барилга, хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр болон аялал жуулчлалын салбарт оросын хөрөнгө оруулалттай 700 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас зөвхөн 50-60 нь үйл ажиллагаа явуулж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд уулын баяжуулах “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг жинтэй үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр тал “Улаанбаатар төмөр зам”-д шинэчлэл хийх, хос төмөр зам барих, цахилгаанжуулах асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.

Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд газар нутгийн байршлын давуу талаа ашиглан, транзит орон болох зорилт тавьж байгаа. Тээвэр, ложистикийн коридорыг олон улсын түвшинд хүргэснээр үйлдвэрлэлийн салбарт өндөр технологи, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, түүхий эд, эрдэс баялгаа өндөр түвшинд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөрш хоёр орны төдийгүй олон улсын зах зээлд  нийлүүлэх боломж бий болно.

Энэ зорилгоор Узбекстан Улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны оны 6 дугаар сард болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.