Батлан хамгаалах

1993 онд хоёр орны хооронд байгуулсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр болон Цэргийн хамтын ажиллагааны тухай Батлан Хамгаалах Яамд хоорондын Хэлэлцээр нь батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс нь болж байгаа юм.

2000 оноос харилцаа улам өргөжин, ОХУ 2005 оноос монголын талын хүсэлтийн дагуу цэрэг-техникийн тусламж үзүүлэх болсон ба хоёр орны батлан хамгаалах салбарын удирдлагууд харилцан айлчилж, яриа хэлэлцээ тасралтгүй явуулдаг уламжлалтай болсон.

Харилцан айлчлалууд

Монгол Улсын талаас:

  • 2001 онд Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа
  • 2003 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоо
  • 2006 онд Батлан хамгаалахын сайд М.Сономпил
  • 2007, 2008 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоо
  • 2010 онд Батлан хамгаалахын сайд Л.Болд
  • 2010 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав
  • 2013 онд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
  • 2015 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа
  • 2016 онд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон/Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцов/

ОХУ-ын талаас:

  • 2000 онд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.В.Квашнин
  • 2006 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ю.Н.Балуевский
  • 2008 онд Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков
  • 2009 онд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Н.Е.Макаров

Цэрэг-техникийн хамтын ажиллагаа

2004 онд байгуулсан Монгол Улсад Цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн хүрээнд 2005 онд Монгол Улсын Зэвсэгт хүчинд зарим төрлийн зэвсэг техник нийлүүлсэн. Мөн Хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах механизм болох Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийг 2007 онд байгуулан, бүлгийн хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийж, хамтын ажиллагааны ойр, дунд хугацааны зорилтыг тодорхойлон дүгнэж ирсэн бөгөөд 2007 оноос дунд хугацааны анхны хөтөлбөр, 2014 оноос дунд хугацааны хоёр дахь хөтөлбөрийн үндсэн дээр ажиллаж байна.

2011 онд “Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийн эрхийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.

Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулийг “Дархан-1, 2, 3” нэртэйгээр, 2011 оноос “Сэлэнгэ-2011, 2012, 2013, 2014, 2015” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутагт ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр

Монголын цэргийн албан хаагчдыг Оросын Холбооны Улсын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр болон тусламжийн журмаар суралцуулах тухай Батлан хамгаалах яамд хоорондын (2006 оны) хэлэлцээрийн дагуу ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд суралцуулж байна.

Түүхэн арга хэмжээ

Халхын голын байлдааны ялалтын ойг хоёр тал хамтран тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд 2009 онд болсон 70 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга армийн генерал Н.Е.Макаров, 75 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхийлөгч В.В.Путин, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд А.В.Бахин нар тус тус оролцсон.

2015 онд тэмдэглэсэн Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарыг анх удаа урьж оролцуулсан ба арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд нар хүндэт зочноор уригдан оролцов.

2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.