МОНГОЛ УЛС, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО ХООРОНД ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Уулзалтад манай талаас ГХЯ, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач болон ОХУ-ын ЭСЯ-ын ажилтнууд оролцсон бөгөөд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны бодлогын газрын удирдлага, мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Оросын төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг зарчмын хувьд тохиролцож, хамтарсан судалгаа боловсруулах хүрээнд холбогдох мэдээллийг харилцан солилцох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэв.

Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын энэ үед дараагийн зөвлөлдөх хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байх нь зүйтэй хэмээн талууд санал нэгдэв.

ОХУ болон Беларусь, Казахстан, Киргиз, Арменийг багтаасан 184.3 сая хэрэглэгчтэй, гадаад худалдааны нэгдсэн бодлого, горим бүхий, гаалийн нэгдсэн зохицуулалттай Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь газар нутгийн хувьд ойр дөт, аж ахуйн уламжлалт харилцаа холбоотой энэ бүс нутагтай худалдааны алдагдлыг бууруулах, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болно.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.