ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ГУБКИНЫ НЭРЭМЖИТ ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР В.Г.МАРТЫНОВТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн их сургууль (Үндэсний судалгааны их сургууль)-ийн ректор  В.Г.Мартыновтой 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж, байгалийн хийн салбарын үндэсний мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх асуудлаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талуудын хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан барих төслийн судалгаа хийх, бэлтгэл хангах ажил амжилттай өрнөж байгааг Элчин сайд Д.Даваа уулзалтын үеэр тэмдэглээд, энэхүү том бүтээн байгуулалт, түүний ашиглалтын үйл ажиллагаанд Монголын үндэсний инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг оролцуулах нь  манай гол зорилтуудын нэг байх болно. Губкины нэрэмжит их сургууль бол Орост төдийгүй дэлхий дахинаа танигдсан газрын тос, байгалийн хийн салбарын хамгийн нэр хүндтэй, тэргүүлэх их сургууль юм. Бид, газрын тос, байгалийн хийн салбарын үндэсний голлох боловсон хүчнээ чухамхүү Губкины нэрэмжит их сургуульд бэлтгэхийг чухалчилж байна хэмээн тэмдэглэв.

Тэрбээр цааш нь, Монголын газрын тосны салбарын өнөөгийн байдал болон баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын талаар яриад байгалийн хий дамжуулах хоолой барьж, ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар олон улсад өндөр нэр хүнд бүхий эрдэмтэн хүнийх нь хувьд профессор В.Г.Мартыновын байр суурь, онол, практикийн зарим тайлбарыг асууж, сонирхов.

Манай сургууль өнгөрсөн хугацаанд Монголын газрын тосны салбарын 137 мэргэжилтэн, 6 эрдэмтэнг бэлтгэсэн гэж И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн их сургуулийн ректор В.Г.Мартынов уулзалтын үеэр дурдаад Монголын газар нутаг дээр байгалийн хийн хоолой тавигдсанаар Монгол Улс байгалийн хийг зөвхөн дамжуулагч биш хэрэглэгч орон болно. Байгалийн хийг Монголын үйлдвэр, аж ахуйн байгууллагууд, айл өрхүүд ч ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр Монголд эдийн засаг, аж үйлдвэрийн шинэ салбар буюу хийн салбар хөгжинө. Манай сургууль Монголын хийн салбарын мэргэжилтэнг бэлтгэхэд бэлэн байна гэж тэмдэглэн хэлэв.

Элчин сайд Д.Даваа, ректор В.Г. Мартынов нар байгалийн хийн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх мэргэжлийн чиглэл, оюутан элсүүлэн сургах арга замын талаар уулзалтын үеэр харилцан дэлгэрэнгүй санал солилцож, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэв.

Уулзалтад И.М.Губкины нэрэмжит Оросын Газрын тос, байгалийн хийн их сургуулийн орлогч захирал, профессор А.Ф.Максименко, газрын захирал О.Ф.Исаев болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зарим дипломат ажилтнууд оролцов.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.