ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 8 дугаар сарын 27-28-ны өдөр Санкт-Петербург хотноо томилолтоор ажиллаа

Энэхүү томилолтын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах ажлыг урагшлуулах, бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ОХУ-ын “Газпром” НХН-ийн 308 дугаар газрын нэгдүгээр орлогч дарга В.Н.Никитин-тэй Санкт-Петербург хотноо уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нарын уулзалт 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан видео хурлын хүрээнд уг төслийн ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий Тусгай зориулалтын компани байгуулах тухай Эрмэлзлийн санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсантай холбогдуулан тус тусгай зориулалтын компани байгуулах явцыг тодруулах, хоёр талын ажлын хэсэгт ЭСЯ-ны зүгээс цаашид хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал солилцсон байна.

Мөн Элчин сайд Д.Даваа 28-ны өдөр Выборг хотын ойролцоо байрладаг Хойд урсгал  (Nord Stream) хийн хоолойн “Портовая” хий шахах станцад зочилж, тус станцын техникийн үйл ажиллагаатай нь танилцсан байна.

“Портовая” хий шахах станц нь Хойд урсгал хийх дамжуулах хоолойгоор Европын холбооны зах зээлд нийлүүлж буй оросын байгалийн хийг Балтын тэнгисийн 1200 км гаруй ёроолоор дамжуулж хүргэхэд онц чухал үүрэг гүйцэтгэдэг байгууламж юм.

Түүнчлэн энэхүү томилолтын хүрээнд Элчин сайд Д.Даваа 2020 онд үүсгэн байгуулагдсаныхаа 120 жилийн ойг тэмдэглэж буй ОХУ-ын Цэргийн материал-техникийн хангамжийн академид зочилж, тус академийн үйл ажиллагаатай танилцаж, академийг төгсөгч монгол төгсөгчдийн нэрийн өмнөөс академийн удирдлагад баяр хүргэж, цаашид хамтран ажиллах талаар ярилцсан байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.