ЭЛЧИН САЙД Д.ДАВААД САНКТ-ПЕТЕРБУРГИЙН ИХ СУРГУУЛИАС ЗАХИДАЛ ИРҮҮЛЭВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваад Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал С.В.Андрюшин захидал ирүүлэв.

Цар тахлын үед гадаадын, тухайлбал монгол оюутнуудын аюулгүй байдал, тав тухыг хангахад онцгойлон анхаарч ирсэн хэмээн Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал С.В.Андрюшин захидалдаа тэмдэглээд энэхүү зорилтын хүрээнд тус сургуулиас хэрэгжүүлсэн зохион байгуулалт, нийгмийн болон бусад төрлийн арга хэмжээ, түүнчлэн зуны амралтын үеэр гадаадын оюутнуудад зориулан зохион байгуулсан үнэ төлбөргүй зайн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

Тэрбээр цааш нь, 2020 оны байдлаар Санкт-Петербургийн Улсын их сургуульд Монголын 20 оюутан суралцаж байгааг дурдаад сургуулийн захиргаа гадаадын оюутнуудыг Санкт-Петербург хотод ая тухтай хүрэлцэн ирэхэд нь бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахад бэлэн байна хэмээн онцолсон байна.

х          х          х

Монгол оюутнуудад анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Санкт-Петербургийн Улсын их сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлж 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр захидал хүргүүлэв.

Элчин сайдын яамны талархлын захидалд, тус сургуулийн төгсөгчдөөс Монголын төр, шинжлэх ухааны олон арван нэрт зүтгэлтнүүд төрөн гарсныг, түүнчлэн Санкт-Петербургийн их сургуульд монгол судлал, монгол хэлний ОХУ-д төдийгүй Европт тэргүүлэх эрдэм шинжилгээ, сургалтын төв тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгааг онцлон дурдаад “талуудын нягт хамтын ажиллагаа цаашид улам бүр идэвхжиж Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэжээ.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.