ОХУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын Онцгой Комисс /УОК/-ын Шуурхай штабаас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг татан авах ажиллагааг бүсчилсэн байдлаар шат дараатай зохион байгуулах ажил эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны чиглэлээр ОХУ-д суралцаж буй 300 гаруй сонсогчийг Оросын цэргийн онгоцоор нутагт нь хүргэх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Эрхүү, Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын харьяа тойргийн хотуудын 400 гаруй иргэнийг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор эх оронд нь нэвтрүүлэхээр тогтоод байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын бусад бүс, нутагт оршин сууж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

– Хорио цээр, эрүүл ахуйн дэглэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 2020 оны 05 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зөвхөн Улаан-Үд, Эрхүү хотуудад байгаа, тухайн ЕКГ-уудад урьдчилан бүртгүүлсэн иргэдийг улсын хилээр нэвтрүүлэх тул эдгээр өдрүүдэд бусад хотуудаас Улаан-Үд, Эрхүү хотууд руу зорчихгүй байх;

– ОХУ-ын Засгийн газрын шийдвэр, “Роспотребнадзор” агентлагийн зөвлөмжийн дагуу тус улсын нийт бүс нутагт хорио цээрийн бүрэн болон хэсэгчилсэн дэглэм үйлчилж буйтай холбогдуулан Буриад Улс, Эрхүү мужийн удирдлагын шийдвэрээр тухайн улс, мужид ОХУ-ын бусад хотуудаас очсон иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа гэдгийг анхааруулж байна.

УОК-ын Шуурхай штаб ОХУ-ын бусад муж, хотуудад оршин суугаа иргэдийг татан авах ажлыг аль болох ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа тул Та бүхэн асуудалд хүлээцтэй хандахыг хүсэж байна.

Дараагийн татан авалтын хуваарь гармагц ЭСЯ цахим хуудсаараа болон бусад мэдээллийн хэрэгслээр тухай бүрт нь мэдээлэх болно.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.