ЗӨВЛӨМЖ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков тушаал гаргаж энэ оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар яамныхаа харьяа их, дээд сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний бүхий л үйл ажиллагааг зайн хэлбэрээр үргэлжлүүлэх, улирлын болон төгсөлтийн шалгалтуудыг онлайн горимоор авахаар шийдвэрлэжээ. Харин бусад яам, газрын харьяаны сургуулиудад эдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.

Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрээр үргэлжилж, улмаар улирлын болон төгсөлтийн шалгалтууд онлайн горимоор явагдах болсонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутан залуучууд Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд,

  • уг тушаалыг үндэслэн гаргах сургуулийнхаа албан ёсны шийдвэртэй сайтар танилцаж, сургалтын алба, холбогдох багш, ажилтнуудаас нарийвчилсан удирдамж, зөвлөмж авах,
  • мөн тушаалаар суралцагчдыг оюутны дотуур байраас бусад сургуулийн барилга байгууламжид нэвтрэхийг хориглож байгаа тул сургалтын хөтөлбөрөө дүүргэж байгаа буюу хэлний бэлтгэл, сургууль төгсөгчид сургуультайгаа хэрхэн тооцоо хийх, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлж өгөх, түүнчлэн хувийн хэрэг, сертификат (бэлтгэл анги төгсөгчид), дипломоо хэрхэн гардан авах асуудлыг сургуультайгаа нухацтай тохирох,
  • Монгол Улсын Онцгой комиссоос ОХУ-д суралцаж буй оюутнуудыг эх оронд нь татан авах хуваарь, тов гармагц сургуульдаа мэдэгдэж, явах бэлтгэлээ сайтар хангах,
  • оршин сууж буй хот, суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанаас тогтоосон дэглэмийг ОХУ-д байх хугацаандаа чанд мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг тус тус зөвлөж байна.
2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.