ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОХУ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ТЭРГҮҮНҮҮДТЭЙ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН ХИЙВ

ОХУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдээ тэдний хүсэлтийн дагуу ээлж дараалан эх оронд нь татан авах шийдвэр Улсын Онцгой комиссоос гаргасантай холбогдуулан энэхүү ажлыг төлөвлөх, зохион байгуулахад ОХУ дахь Монголын Дипломат төлөөлөгчдийн газруудын гүйцэтгэх үүрэг, хийх ажлын талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, Д.Чадраабал, Ч.Ганболд нар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цахим зөвлөгөөн хийв.
 
Зөвлөгөөнийг нээж Элчин сайд Д.Даваа хэлсэн үгэндээ “иргэдийг эх орон руу татан авах ажлыг эрсдэл багатай, өндөр зохион байгуулалттай гүйцэтгэхэд та бидний хийж буй судалгаа, боловсруулж байгаа санал чухал үүрэгтэй. Өнөөдрийн энэхүү зөвлөгөөнөөр Та бүхний санал бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцох, улмаар үйл ажиллагаагаа нягт уялдуулж, нэгдсэн нэг санал, шийдлийг холбогдох газруудад нэн даруй уламжлахад чиглэгдэж байна” хэмээн тэмдэглэн хэлэв.
 
Зөвлөгөөнөөр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд харилцан мэдээлэл солилцож, ОХУ-аас иргэдээ хэрхэн татах арга хэлбэр, чиглэл болон зохион байгуулалтын бусад асуудлын талаар саналаа нэгтгэж Улсын Онцгой комисст хүргүүлэхээр тогтов.
2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.