ЭЛЧИН САЙД Д.ДАВАА “ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДЛАГАТАЙ ВИДЕО ХУРАЛ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хэрэгжиж буй ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлыг судлах ажлыг урагшлуулах, бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн удирдлагатай видео хурал хийв.

Уулзалтад төслийн ажлыг судлах Ажлын хэсгийн оросын талын орлогч дарга В.Г.Никитин, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргын зөвлөх С.В.Дзюба, “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга  Д.В.Хандог болон тус газрын холбогдох ажилтнууд болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд оролцов.

Видео хурлын үеэр төслийн ажлыг судлах Ажлын хэсгийн оросын талын орлогч дарга В.Г.Никитин Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” НХН хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тодорхойлсон ажлуудыг урагшлуулах үүднээс авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ, эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар танилцууллаа.

Элчин сайд Д.Даваа оросын талаас танилцуулсан асуудал түс бүрээр холбогдох тайлбар, мэдээллийг өгч, цаашид хоёр талаас тодруулж, тохиролцох  шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичиг, мэдээ, материалын талаарх мэдээллийг  монголын талын ажлын хэсэг, холбогдох байгууллагуудад уламжилж ойрын хугацаанд хүргүүлэх тал дээр анхааран ажиллах болон ЭСЯ-ны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Хоёр тал энэхүү төсөл нь  Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит тод жишээ болох тул төслийг урагшлуулахад шаардлагатай ажлыг идэвхжүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.