ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН 2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР КРЕМЛЬД “ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА А.Б.МИЛЛЕР-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллер 2019 оны тайлан, мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дорнод Сибирь болон БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна.

“Газпром” ХНХ нь 2019 онд 500,1 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, үүнээс 199,3 тэрбум шоо метр байгалийн хийг экспортолсон байна. Түүнчлэн Европын байгалийн хийн нийт зах зээлийн 35,6 хув нь ОХУ-д ногдсон хэвээр байгаа аж.

2020 онд “Газпром” НХН нь нийт 1,8 их наяд рублийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 1942 км хийн хоолой барих, 114 цооног шинээр гаргах, байгалийн хий хадгалах газар доорх байгууламжаа 180 сая шоо метрээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Хойд урсгал 2” (Северный поток – 2) сувгийг байгалийн хийгээр хангах хийн хоолойн барилга, мөн Ямалын хойгийн орд газрын бүтээн байгуулалтын ажлыг Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер онцолсон байна.

Мөн түүнчлэн энэ хүрээнд тэрээр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” (Сила Сибири – 2) хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах ажлын хүрээнд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар тус маршрутаар БНХАУ-д жилд 50 тэрбум куб.м хий нийлүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай, зардал багатай байх дүгнэлт гарсныг  мэдэгдэж, хөрөнгө оруулалтын өмнөх үе шат буюу ТЭЗҮ болон “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинээс хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дээрх санал, дүгнэлтийг сонссоны дараагаар “Сибирийн хүч-2” хийн хоолойн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах зөвшөөрлийг олгож байгаагаа мэдэгдсэн байна.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.