ОЮУТНУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргаж их, дээд сургуулиудыг зайн сургалтад шилжихийг зөвлөсөн билээ.

Энэхүү зөвлөмжийн дагуу их, дээд сургуулиуд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр өөрсдийн нөхцөл боломжийг харгалзан зайн сургалтад шилжиж байна.

Их, дээд сургуулиуд зайн сургалтад дараах байдлаар,

1. тодорхой хугацаанд оюутнуудыг хичээлээс чөлөөлж, энэ хугацаанд зайн сургалт явуулах зохион байгуулалт, технологи, арга зүйн бэлтгэлийг хангах, улмаар сургалтын бүхий л үйл ажиллагааг зайн байдлаар эрхлэх,
2. шууд зайн сургалтад шилжих,
3. ойрын өдрүүдэд оюутнуудыг сайн дураараа хичээлдээ явахыг зөвшөөрөх, улмаар ирэх долоо хоногоос зайн сургалтад хамруулах байдлаар тус тус шилжиж байна.
Зайн сургалтын үргэлжлэх хугацааг ихэнх сургууль 14 хоногоор тогтоож, цаашид сунгах эсэхийг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Зарим сургуулиуд зайн сургалтын үргэлжлэх хугацааг тавдугаар сарын эхэн хүртэл байхаар тогтоосон, түүнчлэн аль болохоор гэр орондоо (иргэний харьяалал харгалзахгүйгээр) байхыг оюутнуудад зөвлөж байгаа энэ үед Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Вирусын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан ОХУ-ын Засгийн газар, холбогдох байгууллагуудаас хорио цээрийн арга хэмжээг өдөр тутам бүр чангатгаж байгааг харгалзах, тухайлбал 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд улсынхаа хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглоод буйг харгалзах. Цаашид эл арга хэмжээний хугацааг сунгах, чангатгах эсэх нь тодорхойгүй байна.
2. Эрсдэлийг тал бүрээс нь тооцож үзэх. Тухайлбал, Монгол Улсад өчигдөр гэхэд 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн, нэг нь Берлин-Москва- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцны зорчигч байсан гэдгийг, түүнчлэн Москва хотод гэхэд 50-аас дээш, европын зарим орнуудад 10, бүр 5 хүнийг нэг дор цугларсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан гэдгийг харгалзах.
3. Нутаг буцсан тохиолдолд 14 хоног хорио цээрийн горимд, мөн буцаж ирээд мөн хугацааны хязгаарлалтад орно гэдгийг бодолцох, хэрэв нөхцөл байдал хүндэрвэл үүнээс ч илүү хугацаагаар хорио цээрт орно гэдгийг анхаарах.
4. Сургууль бүр, зарим сургуулиудын факультет, нэгж хүртэл хорио цээрийн дэглэм, зайн сургалтын агуулга, хэлбэрийг өөр өөрөөр тогтоосныг харгалзах, ямар ч тохиолдолд зайн сургалтад бүрэн хамрагдах.
5. Зайн сургалтын үед сургууль, факультет, багш нартайгаа, ялангуяа төгсөх курсын, шалгалт, шүүлэгийн өртэй байгаа оюутнууд нягт холбоотой байх.
6. Сургууль, оюутан бүрийн нөхцөл, боломж өөр гэдгийг чухалчлан бусдыгаа дууриаж, сэтгэл хөдлөлөөр аливаа зүйлд хандахгүй байх. Оюутан бүр, ялангуяа насанд хүрээгүй буюу 18 хүртэлх насны иргэд аливаа шийдвэр, шийдэл гаргахдаа ар гэрийнхэнтэйгээ сайтар зөвлөлдөхийг тус тус зөвлөж байна.

Та бүхнийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам болон бусад байгууллагуудын зөвлөмж, санамжийг чанд мөрдөхийг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд дараах утас руу холбогдоно уу.
8 495 690 67 92
8 499 241 15 48

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.