“ВЕЛИКАЯ МОНГОЛЬСКАЯ ПИСМЕННОСТЬ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Москва хотын “Үндэстнүүдийн өргөө” УҮГ-ын байранд 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Дорно дахины шинэ жилийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа монгол, буриадын уран бүтээлчид, Москва, Санкт-Петербург хотод суралцаж байгаа оюутан, залуучуудын бүтээлээс бүрдсэн “Великая Монгольская писменность” нэртэй хуучин монгол бичгийн уран бичлэг /каллиграф/-ийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны холбогдох ажилтнууд, түүх, урлаг, соёл судлаачид, Москва хотноо ажиллаж, амьдарч байгаа монгол, буриад иргэд, уран бичлэг сонирхогч орос иргэд өргөнөөр оролцов.

Энэхүү үзэсгэлэнгийн гол үзвэрүүд нь Их эзэн Чингис хааны үеэс эдүгээ хүртэл хадгалагдан үлдсэн хуучин монгол бичгийг өнөө цагийн соёл, зан заншил, хөгжил дэвшлийн өөрчлөлттэй цуг хэрхэн соёлын бүтээл болгон хөгжүүлж байгаа, урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжсөнийг харуулсан монгол, буриадын шилдэг зураач, уран бүтээлчдийн бүтээлүүд байлаа. Түүнчлэн залуу уран бүтээлчид болон сонирхогчдын шилдэг бүтээлүүд олны сонирхлыг татаж байлаа.

Уг үзэсгэлэнд Москва хотноо үйл ажиллагаа явуулдаг ”Общество Бурятские культуры” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс монголын соёл урлаг түүний дотор шинэ тутам хөгжиж байгаа хуучин монгол бичгийн хөгжлийг сурталчлах, уран бүтээлчдийг танилцуулах зорилго бүхий үзэсгэлэнг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.