ЭЛЧИН САЙД Д.ДАВАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Кремлийн их ордонд болов. Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа тус сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Улс түмний найрамдлын их сургуулийн  мэргэжлийн өндөр ур чадвар бүхий багш, профессоруудын хөдөлмөр, зүтгэл, удирдлага, зохион байгуулалтын үр өгөөжтэй үйл ажиллагааны дүнд ОХУ-ын тэргүүлэх их сургуулийн байр сууриа жил бүр бататган дээшлүүлж байгааг Элчин сайд Д.Даваа мэндчилгээндээ онцлон тэмдэглээд Монгол Улсын үндэсний боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Хүндэтгэлийн концертонд Оросын Улс түмний найрамдлын их сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын “Чингисийн үр сад” бүжгийн хамтлаг оролцож, монгол бүжгийн гайхамшгийг үзэгчдэд толилуулав.

Жаран жилийн хугацаанд Оросын Улс түмний найрамдлын их сургуульд дэлхийн 170 орны иргэд дээд боловсрол эзэмшсэн бөгөөд эдүгээ 158 орны 9 мянга гаруй гадаадын, түүний дотор Монголын 100 гаруй оюутан суралцаж байгаа ажээ.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.