ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны  2 дугаар сарын 05-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд  ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Ю.В.Ушаков, Гадаад харилцааны сайд С.Лавров зэрэг албаны хүмүүс байлцав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Даваад  ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол цаг үеэр шалгарсан эртний найрсаг хөрш бөгөөд  өнгөрсөн онд бид хамтдаа Халх голын 80 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд хугацаагүй гэрээ  байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв.

Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

ОХУ-ын  Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч гадаад орноос ОХУ-д суух 23 Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав. Үүнд “Их 5” буюу НҮБ-ийн Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүн 5 улс болох БНХАУ, АНУ, Их Британи болон Франц  Улсаас тус улсад суух Элчин сайд нар тус тус оролцож буйгаар онцлог болов.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.