МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА МОСКВА ХОТНОО АЖИЛЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Москва хотноо ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч Е.В.Завалеева, тус нийгэмлэгийн боловсон хүчин, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч А.Г.Артемьев нартай “Роснефть” нийгэмлэгийн байранд уулзав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа “Роснефть” нийгэмлэгийн удирдлагад Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд амжилттай хэрэгжүүлж дууссаныг мэдэгдэж, энэхүү төслийн тайланг гардуулсан байна. “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулсан.

“Роснефть” нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч Е.В.Завалеева энэхүү “шинэ сум” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн явдал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинг харуулсан сайхан арга хэмжээ болсныг цохон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн уулзалтын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Роснефть” нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч Е.В.Завалеева, тус нийгэмлэгийн боловсон хүчин, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч А.Г.Артемьев нарт Халх голын тулалдааны 80 жилийн ойн медаль гардуулж, баяр хүргэсэн болно.

 

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.