ЭРХҮҮГИЙН УЛСЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

ОХУ-ын анагаах ухааны тэргүүлэх чиглэлийн их, дээд сургуулиудын нэг болох Эрхүүгийн  Улсын Анагаах ухааны их сургуулийн  үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил  тохиож байгаа юм. Түүхэн ойн жилийн хүрээнд  тус сургуулийн захиргаа, оюутан залуус, үе үеийн төгсөгчид олон тэмдэглэлт болон бүтээлч ажлууд, төгсөгчдийн уулзалтыг  зөвхөн орон нутагтаа бус бусад бүс нутаг, хотуудад тухайн орон нутаг дахь Эрхүү мужийн нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Эрхүү мужийн Засгийн газар,  Москва хот дахь Эрхүүгийн “Байкал” нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Эрхүүгийн Улсын Анагаах ухааны их сургууль-100 жил: Өнгөрснөөрөө бахархаж, ирээдүйдээ итгэж байна” хүндэтгэл ёслолын арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Москва хотноо зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд тус мужаас сонгогдсон Холбооны Хурлын Төрийн  Дум-ын гишүүд, Эрхүүгийн Улсын Анагаахын их сургуулийн удирдлагууд, Москва хотноо ажиллаж, амьдарч байгаа нутгийн зөвлөлийн гишүүд, үе, үеийн төгсөгчдийн төлөөлөл, Монгол Улс, БНЭУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны  ажилтнууд оролцлоо.

Уг арга хэмжээг нээж тус сургуулийн ректор И.В.Малов хэлсэн үгэндээ, “Сургуулийн түүхэн хөгжлийн үе шатандаа зөвхөн бүс нутгийн төдийгүй ОХУ-ын, цаашлаад олон улсын хэмжээнд өндөр зэрэглэлийн эмч,  эмнэлгийн ажилтан бэлтгэх чиг үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Өнөөдрийг байдлаар манай сургуульд 29 улсын 540 оюутан анагаах ухааны төрөл бүрийн чиглэлээр амжилттай суралцаж байна. Сургуулийн түүхэн замналын хугацаанд Монгол Улсын 600 гаруй оюутан төгсч, улсынхаа эрүүл мэндийн салбарт нэр төртэй ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан тус сургуулийн нийт багш хамт олон, төгсөгчид, оюутнуудад хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

 

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.