ЭЛЧИН САЙД Д.ДАВАА “ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИЙН  ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ  ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “Торгоны зам” авто раллийг зохион байгуулалт, цар хүрээний хувьд “Парис-Дакар” ралли уралдаанаас дутахааргүй өндөр түвшинд хүргэхийг зохион байгуулагчдын зүгээс зорьж байгаа юм.

Тийм ч учраас “Торгоны зам” авто ралли уралдааны Зохион байгуулах хороо тус уралдааныг 2018 оноос олон улсын хэмжээнд зохион байгуулах, улмаар  Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар шийдвэрлэж, манай талтай зохих түвшинд ярилцаж шийдвэр гаргаснаар  энэхүү уралдааныг өнгөрсөн зун манай улсын нутаг дэвсгэрийг дайруулан  амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн “Торгоны зам-2019” Олон улсын авто ралли уралдаан нь Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны 07-р сарын 06-наас 16-ны өдрүүдэд нийт 5000 гаруй км үргэлжилсэн бөгөөд 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцсон юм.

“Торгоны зам-2019” Олон улсын авто ралли нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь  хилийн боомтоос Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомт хүртэл гурван салаа замаар явагдсан бөгөөд энэхүү уралдааныг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлаг, аялал жуулчлалын байгууллагууд дэлхийн  180 гаруй улсад шууд нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл  дамжуулсан нь уралдаан болоод уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, аялал жуулчлал нэмэгдэх томоохон боломжтой болдог байна.

“Торгоны зам” авто раллийн маршрут ба аюулгүй байдал хариуцсан  захирал Виктор Соколов болон зохион байгуулагчид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваатай уулзаж, “Торгоны зам-2021” авто раллийг БН Казакстан Улсаас гараагаа эхлүүлж,  баруун монголын нутгаар буюу говь хээр, хангай хосолсон Ховд, Баян өлгий, Завхан аймгуудын нутгаар дайран өнгөрөх маршрутын талаар ярилцаж, санал солилцлоо.

Тус багийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ”Торгоны зам-2019” авто раллийг амжилттай зохион байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн монголын талын зохион байгуулах ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, шинэ төсөл нь автомашины жолооч,  мотоциклчдын хувьд ур чадвар, тэсвэр тэвчээр  шаардсан  замд тооцогдож байгааг онцоллоо.

Элчин сайд Д.Даваа авто ралли нь  Монгол Улсын түүх, соёл, зан заншил, онгон зэлүүд байгаль, хөгжил дэвшлийг дэлхий дахинаа сурталчлах, тамирчдын ур чадвар, түвшинг дээшлүүлэх,  танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлээд, раллийг амжилттай зохион байгуулахад  дэмжлэг үзүүлэх болно гэж  мэдэгдлээ.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.