“Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо “Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумыг зохион байгууллаа. Энэхүү форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын ЗГХК-ын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, ЕАЭК-ын Интеграцчлал, макроэдийн засгийн асуудал эрхэлсэн сайд С.Ю.Глазьев, Евразийн эдийн засгийн холбооны Ажил хэргийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Киргизийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Д.Ибраев болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцон үг хэлж, илтгэл тавьсан болно.

Тус форумд Монгол Улс, ОХУ, Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн орнуудын төр засаг, хувийн хэвшлийн 240 гаруй төлөөлөгч, үүнээс монголын 30 гаруй томоохон экспортын компаниудыг 50 гаруй бизнес эрхлэгчид  оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо тэр дундаа ОХУ-тай уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд тулгуурласан хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд ажил хэргийн хэлхээ холбоо чухал болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улс цаашид ч Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцан ашигтай бүх талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахыг санал болгов.

Орос, Монголын ЗГХК-ын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, ЕАЭК-ын Интеграцчлал, макроэдийн засгийн асуудал эрхэлсэн сайд С.Ю.Глазьев нар хэлсэн үгэндээ Монгол, Орос болон Монгол, Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх чиглэлээр талууд цаашид ч хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар форумын нээлтэд тавьсан илтгэлдээ Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, тоон эдийг засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монголын Улсын дээрх салбарт Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хөрөнгө оруулалт хийх таатай орчин, боломжийн талаар мэдээлэл хийлээ.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчилал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд С.Ю.Глазьев-тай “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын хэсгийн 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Тус төлөвлөгөөний хүрээнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн бүхий л салбарын нийт 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно.

Форумын хүрээнд зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд монголын 20 гаруй томоохон экспортын компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний дээжийг олон нийтэд сурталчилан таниулав. Мөн хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны нийт 9 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн форумын хүрээнд Монгол Улс, ЕАЭЗХ-ны дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцооны талаар тусгайлсан салбар хуралдаанууд болж, монголын талын оролцогчид дээрх салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын талаар мэдээлэл хийж, харилцан санал солилцов.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.