МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИСС ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчилал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд С.Ю.Глазьев тэргүүтэй Интеграцийн хөгжлийн газар, Аж үйлдвэрийн бодлогын газар, Техникийн зохицуулалт, магадлан итгэмжлэлийн газар, Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн газар, Тээвэр, дэд бүтцийн газар, Үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийн газар, Худалдааны бодлогын газар, Гаалийн тарифын болон тарифын бус зохицуулалтын газар, Гаалийн дэд бүтцийн газар, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн газар, Евразийн эдийн засгийн холбооны Бизнесийн зөвлөл, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Холбооны Гаалийн алба, Худалдаа, Аж үйлдвэрийн танхим болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэлгэрэнгүй ярилцаж, гааль, хорио цээр, техникийн стандартын зохицуулалтын талаар харилцан мэдээлэл солилцов.

Хуралдааны дүнгээр Протокол гаргаж, Ажлын хэсгийн төлөвлөгөөг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.