МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ Б.БЯМБАСАЙХАН МОСКВА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ОРОСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрчим хүчний асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.Шматкогийн урилгаар 2019 оны 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд  Москва хотноо зохион байгуулагдсан “Оросын эрчим хүчний долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд ОХУ болон гадаадын бусад улсын эрчим хүчний яам, агентлагийн албан ёсны төлөөлөгчид болон эрчим хүчний салбарт тэргүүлэх олон улсын пүүс, компани болон салбарын тэргүүлэх судлаачид оролцож, дэлхий дахины хувьд стратегийн чухал салбар болох эрчим хүчний өнөөгийн болон хэтийн төлөв байдал, хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцох боломж олгодог эрчим хүчний салбарын чухал талбарын нэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрчим хүчний асуудал хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайхан 2019 оны 10 дугаар сарын 3-нд болсон “Төв Ази – олон улсын цахилгаан эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх тэргүүлэх талбар” салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээ” санаачилгын талаар танилцуулахын сацуу Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар салбар хуралдаанд оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

 

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.