С.А. ГЕРАСИМОВЫН НЭРЭМЖИТ БҮХ ОРОСЫН КИНО УРЛАГИЙН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ

Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургууль /”ВГИК”/ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус сургуулийн урлагийн их танхимд Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдав.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Элчин сайдын яамыг төлөөлж Элчин сайдыг Түр хамаарагч О.Очирмаа, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, гуравдугаар нарийн бичгийн дарга С.Болор, түүнчлэн үе үеийн монгол төгсөгчдийн төлөөлөл болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, киноны нэрт зураач Түдэвийн Гоош, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино оператор Мэдрэлтийн Мөрөнгуа, Монголын олон авьяаслаг операторуудын багш Доржсүрэнгийн Тунгалаг болон мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж буй Өлзийн Цэвэлсүрэн, Төмөр-Очирын Өлзийбаяр, Чимэдцэрэнгийн Чимгээ нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар С.А. Герасимовын нэрэмжит Бүх Оросын кино урлагийн улсын дээд сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэх, кино урлагийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг тус Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Түр хамаарагч О.Очирмаа гардуулан өгч, оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, тус сургуулийн төгсөгчид Монгол Улсын кино, дэлгэцийн салбарт нэр төртэй, үр бүтээлтэй, мэргэжил нэгт нөхдийгөө манлайлан ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна хэмээн онцлон хэлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.