ДОРНО ДАХИН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНД ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнд “Халхын голын ялалт (1939 он): Түүхэн үнэний эрэлд” сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч О.Очирмаа оролцож, үг хэлэв.

“Манай хоёр орны олон зуун жилийн харилцааны түүхэнд Халхын голын ялалт онцгой байр суурь эзэлдэг” гэдгийг түр хамаарагч О.Очирмаа хэлсэн үгэндээ тэмдэглээд энэхүү ялалтын үнэ цэнэ, үр дагавар, түүхэн ач холбогдлын талаар дурдав.

Тэрбээр цааш нь Халхын голын ялалтад Монгол, Оросын төр засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч, талууд энэхүү 80 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгааг дурдаад “үүний тод илрэл бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж, хамтын ялалтын арга хэмжээнүүдэд биечлэн оролцсон явдал билээ. Айлчлалын дүнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” байгуулагдаж, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эринд шилжсэн” гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдын бүрэлдэхүүн нь гадаад дахь Монгол судлалын өнөөгийн өндөр түвшинг илэрхийлж байгааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч дурдаад “бага хурал амжилттай болж, түүний санал, зөвлөмж, дүгнэлтүүд нь эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны  үнэ цэнэтэй эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв.

“Халхын голын ялалт (1939 он): Түүхэн үнэний эрэлд” сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, Орос, Япон, Хятадын тэргүүлэх эрдэмтэд оролцож байгаа энэхүү хурлын хэлэлцүүлэгийн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Галсандондог, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү нар оролцов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.