МОСКВАД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан энэ оны 9-р сарын 10-ны өдөр Москва хотын баруун урд дүүрэгт байдаг “Коммунарка” нэртэй хуучин ЗХУ-ын Дотоод хэргийн комисариатын нууц объект байсан газар хилс хэргээр буудагдан хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолбор хөшөөнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Галсандондог, ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгуулагуудын Москва хот дахь төлөөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, гүн хүндэтгэл үзүүлэв. “Коммунарка” нэртэй энэ газар 1920 оны сүүлчээс ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын газрын дарга Г.Г.Ягодагийн хувийн зуслан нь байжээ. Энд 1937 оны 9-р сарын 2-ноос 1941 оны 10-р сарын 16-ны хооронд хилс хэргээр буудагдан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байна. “Коммунарка”-д 1938 оны 10-р сарын дунд хүртэл хэлмэгдэгсдийг бөөнөөр нь буудан хороож байжээ. Дэлхийн 2-р дайн эхэлсний дараа буюу 1941 оны 7-р сарын 27-30-ны өдрүүдэд 513 хүнийг буудан хороосон байна. Москвачуудын хувьд хамгийн эмгэнэлтэй өдөр болох 1941 оны 10-р сарын 16-нд 220 хүнийг буудан амь насыг нь хороож байжээ” гэж тус газрын хашаан доторх самбарт дурсан бичжээ. Энэхүү газрын хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан түүний дотор 400 гаруй монголчууд нойрсож байдаг байна.

 

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.