САНХҮҮГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД ЕВРОПТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨНӨ

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн энэ оны төгсөгчдөд Боловсролын дипломын Европын хавсралт гардуулах ёслолын ажиллагаа  2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр болов.

Ёслолын ажиллагааг нээж ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал А.С.Линников хэлсэн үгэндээ, “100 жилийн түүхтэй манай сургуулийг энэ жил дэлхийн 29 орны 283 оюутан амжилттай төгсөж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэж дурдаад “зуун жилийн туршид манай төгсөгчид тухай улс бүрийнхээ санхүү, эдийн засгийн салбарын манлайлагчид байж ирсэн. Энэ жилийн төгсөгчид маань энэхүү уламжлалыг үргэлжлүүлэн хадгална гэдэгт итгэлтэй байна. Та бүхний гардан авч буй дипломын хавсралт тань Олон улсын хөдөлмөрийн зах зээлд эзэмшсэн мэргэжлээрээ ажил эрхлэх баталгаа, түүнчлэн дэлхийн түвшний боловсрол эзэмшсэнийг нотлох баримт бичиг юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Энэ жил тус сургуулийг 34 монгол оюутан төгсөж байгаа бөгөөд тэднээс Г.Амаржаргал, У.Сарнай, О.Нарангуа, З.Үүрийнтуяа нар улаан дипломтой дүүргэж байгаа ажээ.

Уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийг эх орондоо төлөөлөх эрхийг нотолсон  “Олон улсын эрдмийн элч”-ийн гэрчилгээг 19 орны тус бүр нэг төгсөгчид олгов. Монгол Улсад ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн “Олон улсын эрдмийн элч”-ээр Б.Мөнхболд ажиллахаар болж, гэрчилгээгээ гардан авлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцож Монгол төгсөгчдөд Боловсролын дипломын Европын хавсралтыг тус сургуулийн удирдлагуудын хамт гардуулав.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.