“БАРУУН ӨМНӨД ГАРАГ” ФЕСТИВАЛЬ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛОВ

ОХУ-ын их, дээд сургуулиудаас хамгийн  олон орны, хамгийн их гадаадын оюутан суралцдаг Оросын Улс түмний найрамдлын их сургууль Аугаа эх орны дайнд оролцогчдод хүндэтгэл илэрхийлэх, Москва хотын Баруун өмнөд тойргийн иргэдэд  дэлхийн улс орнуудын соёлыг сурталчлан таниулах зорилгоор  жил бүр “Баруун өмнөд гараг” фестивалийг зохион байгуулдаг ажээ.

Энэхүү фестиваль нь 1987 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээнд тус сургуульд суралцаж буй гадаадын 157 орны оюутны зөвлөлөөс 78 нь бие даасан асарт үзэсгэлэн гаргаж, үндэснийхээ соёлыг сурталчилсан байна.

Фестивалийн ажиллагааг Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн орлогч захирал, Ректорын үүргийг гүйцэтгэгч Е.В.Мартыненко, Москва хотын Баруун өмнөд тойргийн Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч генерал В.В.Шейкин нар нээж үг хэлсэн бөгөөд тэд энэхүү арга хэмжээг таван тивийн улс орнуудын гайхамшигт үндэсний өв, соёлыг нэг талбар, нэг орон зайнд, нэг өдөрт багтаан Москва хотын Баруун өмнөд тойргийн ард иргэдэд сурталчлан таниулдаг, ахмад дайчдад, ялангуяа Аугаа эх орны дайны оролцогчдод дэлхийн улс орнуудын залуучуудын зүгээс хүндэтгэл үзүүлдэг, тус тойргийн “Брэнд бүтээгдэхүүн” болсон үйл ажиллагаа гэдгийг онцлон тэмдэглэж байв.

Нээлтийн ажиллагааны дараа Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн оюутнуудын урлагийн шилдэг үзүүлбэрүүдийн тоглолт болов. Улс орон бүрийн нутгийн зөвлөлөөс хамгийн шилдэг тус бүр нэг үзүүлбэрээ толилуулсан энэхүү тоглолтод үндэсний бүжиг, эх орны дайны үеийн дуу, хөгжим зонхилж байв. Мадагаскар Улсын оюутнуудын дуулсан “Дайчид Берлинд” хэмээх энх цагийн эхний өдрийн тухай домогт дуу, Монгол Улсын оюутнуудын ардын болон орчин үеийн аялгуу, хөгжмийн дор бүжсэн “Монгол үндэсний бүжиг” олны ташаалд ихэд нийцэж, тэд уухайлан талархаж байв.

Фестивалийн талбарт Монгол оюутнуудын тохижуулсан асарт уг арга хэмжээний хүндэт зочид болон Москва хотын Баруун өмнөд тойргийн иргэд олноороо хүрэлцэн ирж, Монгол Улсын түүх, соёлын талаар сонирхон асууж, Аугаа эх орны дайнд Монголын ард түмний үзүүлсэн хувь нэмрийг дурсан санаж, талархал илэрхийлж байв.

Монголын асарт Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуулийн орлогч захирал, Ректорын үүргийг гүйцэтгэгч Е.В.Мартыненко, Москва хотын Баруун өмнөд тойргийн Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч генерал В.В.Шейкин нарын албаны хүмүүсийг ирэхэд Монгол оюутнууд дэлгэн үзүүлсэн үзмэрүүдийнхээ билэгдэл, илэрхийлж буй утга агуулгын талаар тайлбарлаж, сонирхсон зүйлд нь дэлгэрэнгүй хариулт өгч байв. Тэд Монгол үндэсний бичиг, түүний соёл, уран бичилтийг талархан сонирхож, шагайн ”дөрвөн бэрх”-ийн буултаар “аз хийморь, ажил үйлс”-ээ шодож байлаа.

“Баруун өмнөд гараг” фестивалийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-дсуугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.