МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД ОЛОН УЛСЫН ХООЛНЫ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуульд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Олон улсын хоолны өдөрлөг болов. Энэхүү уламжлалт арга хэмжээг  Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн Гадаад оюутны нутгийн зөвлөлүүдийн холбоо сургуулийнхаа Гадаад харилцааны газар, Эндаумент сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн өдөрлөгт 32 орон оролцсон байна.

Өдөрлөгийн ажиллагааг нээж Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн Олон улсын газрын захирал Е.В.Андреев хэлсэн үгэндээ “Өдөрлөгт оролцогчдын хүрээ жил бүр тэлж буйг, энэ жил гэхэд л АНУ, Унгар, Латви Улсын оюутан залуучууд анх удаа оролцож, өөрсдийн сэтгэл, хөдөлмөр шингэсэн гарынхаа хоолоор найз нөхдөө дайлж, үндэсний онцлог, амт чанар, ахуй соёлыг сурталчилж байгааг тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцлов.

Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуульд Монголын 40 орчим оюутан суралцдаг бөгөөд тэдний хийсэн үндэсний хоол цайг тус сургуулийн багш, ажилтан, оюутнууд амт, чанар, өвөрмөц онцог шинжийг нь сайшаан магтаж, орц, жорыг нь сонирхон лавлаж байв.

Өдөрлөгийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа  оролцож, Монгол Үндэсний хоолны асарт зочлов. Тэрбээр оюутан залуучуудад хандан “Монгол улсын төрийн далбаатай асарт хамгийн олон хүн зочилж, та бүхний хичээнгүйлэн бэлдсэн Монгол үндэсний хоол цай өндөр эрэлттэй байгааг харахад таатай байна. Энэхүү арга хэмжээ нь үндэстэн, улс орноо сурталчилж буй хэрэг, түүнчлэн хамт олон, найз нөхдийн нөхөрлөлийг улам бүр ойртуулан бэхжүүлэх ач холбогдолтой юм. Та бүхэн сайн хөдөлмөрлөжээ. Үндэсний ахуй соёл, улс орноо олон орны оюутан, залуучуудад амжилттай сурталчилж байгаад талархал илэрхийлье” хэмээн хэлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.