ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД, ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Москва хотын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцаж буй Монгол оюутнуудын Орос хэлний олимпиад, ОХУ-д суралцаж буй оюутан, залуучуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Илтгэлийн уралдаан 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Москвагийн Авто замын техникийн улсын их сургууль (МАДИ)-д болов.

Энэ жилийн Орос хэлний олимпиад, Илтгэлийн уралдааныг Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн (“УБТЗ” ХНН) 70 жилийн ойн баярын нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тус нийгэмлэгийн Москва хот дахь Төлөөлөгчийн газар ОХУ дахь Монголын Оюутны холбоо, Монголын Залуучуудын холбооны “Ле мон” клуб, НАМЗХ зэрэг Оюутны үүсгэл санаачлагын байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

            Орос хэлний олимпиад:

Москва хотын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцаж буй Монгол оюутнуудын дунд зохион байгуулагдсан энэхүү олимпиадын үйл ажиллагааг Москва хот дахь “УБТЗ” ХНН-ийн Төлөөлөгчийн газрын дарга М.Цогт, Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн Орос хэлний тэнхмийн эрхлэгч М.Н. Рыжова нар нээж үг хэлсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд МАДИ-ийн Орос хэлний тэнхмийн эрдэмтэн багш нар  ажилласан байна.

Орос хэлний олимпиадын тэргүүн байранд Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан  Цэрэнчимэдийн Бямбасүрэн шалгарч, И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн оюутан Эрдэнэбаатарын Даариймаа, Үндэсний судалгааны их сургууль-“Эдийн засгийн дээд сургууль”-ийн оюутан Наранхүүгийн Цэцэгмаа нар тус тус удаалжээ.

Олимпиадад оролцогчдын гэрийн даалгавар буюу Монгол уйгаржин бичгийн цэвэр бичлэгийн уралдаанд Оросын Тээврийн их сургуулийн оюутан Цог-Очирын Халиун, түүнчлэн хамгийн сайн зохион байгуулалт, ирцтэй хамт олноор Москвагийн Авто замын техникийн улсын их сургууль тус тус шалгарсан байна.

            Илтгэлийн уралдаан:

ОХУ-д суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан Илтгэлийн уралдааныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Москва хот дахь “УБТЗ” ХНН-ийн Төлөөлөгчийн газрын дарга М.Цогт нар нээж үг хэлсэн бөгөөд уралдааны үйл ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан,  2016 оны улсын аварга шалгаруулах Карл Попер мэтгэлцээний тэмцээний аварга Б.Дэлгэрмаа нар болон уралдааныг зохион байгуулагч байгууллагын төлөөлөл бүхий шүүгчдийн баг шүүв.

ОХУ-д суралцаж буй Монгол оюутны 2019 оны Илтгэлийн уралдааны тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутан Цэрэннадмидийн Марал “Оюутны халаас” сэдэвт илтгэлээр, хоёрдугаар байрт Оросын Тээврийн Улсын их сургуулийн оюутан Намсрайн Сайханбилэг “Монгол Улсын хөгжилд төмөр замын оролцоо” сэдэвт илтгэлээр, гуравдугаар байрт ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутан Үнэнбатын Анармаа “Монгол орны хөгжилд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэлээр тус тус шалгарч,  И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн оюутан Цолмонгийн Цогзолмаа, Үндэсний судалгааны Москвагийн Эрчим хүчний их сургуулийн оюутан Ганбаатарын Уламжаргал нар тусгай шагнал хүртсэн байна.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.