МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ЗӨВЛӨХ Х.НАРАНХҮҮ МОСКВА ХОТНОО АЙЛЧЛАВ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Х.Наранхүү 2019 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Москва хотноо айлчилж, Аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны Монгол-Оросын Ажлын хэсгийн анхдугаар хуралдаанд оролцов. Тус хуралд Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон бусад төлөөлөгчид дагалдан оролцов.

Энэ удаагийн Ажлын хэсгийн хуралдаанаар агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэр, гангийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын боловсролын тогтолцоонд оросын боловсролын тоон шийдлийг нэвтрүүлэх, ашиглах боломж, Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотноо нээх эрх зүйн орчны талаар хэлэлцэв. Талууд Ажлын хэсгийн хуралдааны төгсгөлийн баримт бичиг – Протоколын төслийг тохирч, уг баримт бичигт ажлын шугамаар гарын үсэг зурахаар тохиролцов. Хуралдааны үеэр манай төлөөлөгчид Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх саналтай оросын компаниудын төлөөлөлтэй уулзаж, ажил хэргийн холбоо тогтоов.

Ажлын хэсгийн оросын хэсгийн дарга, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд – Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтухов энэ удаагийн хуралдаан ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны аж үйлдвэр, худалдааны салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болсныг тэмдэглээд ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит 22 дугаар хуралдаанд биечлэн оролцохоо илэрхийлэв.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.