ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН “ШИНЭ ФИЛОСОФИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ БИЧИГ”-ИЙГ ОРЧУУЛАХ, АШИГЛАХ ЭРХТЭЙ БОЛОВ

ОХУ-ын Төрийн шагнал хүртсэн “Шинэ философийн нэвтэрхий толь бичиг” дөрвөн боть бүтээлийг Монголын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн орчуулах, хэсэгчлэн ашиглах эрхтэй  болжээ.

Монголын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, Оросын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов нар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Москва хотноо уулзаж, хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх, улмаар хөгжлийн шинэ үе шатанд гаргах боломж, арга замын талаар ярилцав.

Монголын философийн шинжлэх ухааны хөгжилд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэн, Оросын философчид, эрдэмтэд, судлаачид, багш нар жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг, ялангуяа өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст үлэмж дэмжлэг, туслалцаа үзүүлж байсныг Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн уулзалтын үеэр дурдаад “Манай хүрээлэн Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтдийн болон тэдний хамтын бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажилд ашиглах, улмаар хамтын ажиллагаагаа сэргээн хөгжүүлэх сонирхолтой байна. Бидний хувьд стратегийн гэж болох энэхүү зорилтын хүрээнд танай хүрээлэнгийн эрдэмтдийн туурвин бүтээсэн дөрвөн боть бүхий “Шинэ философийн нэвтэрхий толь бичиг”-ийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр хэсэгчлэн ашиглах хүсэлтэй байна. Өнөөдрийн энэхүү уулзалтын дүнд хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ үеийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна”  хэмээн онцлон тэмдэглэжээ.

“Бид Монголын анд нөхөдтэйгээ тогтоосон харилцаагаа маш их хүндэтгэн үнэлдэг. Харамсалтай нь бодит шалтгааны улмаас өнгөрсөн зууны 90-ээд оны үеэс бидний харилцаа, хамтын ажиллагааны хүрээ, эрч хүч саарсан. Харилцаа, хамтын ажиллагаа хараахан тасраагүй байгаа энэ цаг үед сэргээн эрчимжүүлэх асуудлыг тавьж байгаад гүн талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж Оросын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов ярианыхаа эхэнд тэмдэглээд “ Үзэл сурталжсан философи хэдийнээ үеэ өнгөрөөсөн. Бид философи бүрийн номлол, үнэт зүйлсийг хүндэтгэн зөвшөөрч, судалж байна. Монголчууд өөрийн ахуй, соёлд тулгуурласан, зохицсон гүн ухааны баялаг өвтэй ард түмэн. Та бүхний бүтээлч хөдөлмөрийн дүнд Монголын философи дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан номлол болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Улмаар хүрээлэнгийн захирлууд харилцан сонирхсон асуудлаар ажил хэргийн яриа өрнүүлж, уулзалтын дүнд “Монголын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Оросын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны Гэрээ”-нд гарын үсэг зурж, Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнд дөрвөн боть бүхий “Шинэ философийн нэвтэрхий толь бичиг”-ийг орчуулах, хэсэгчлэн ашиглахыг зөвшөөрсөн Батламж бичгийг гардуулав.

Уулзалт болон Гэрээнд гарын үсэг зурах, Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Оросын талаас Оросын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.А. Гаджикурбанова нар тус тус байлцав.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.