“ИСЛАМ- НИГҮҮСЭЛ БА ЭНХТАЙВНЫ ИЛГЭЭЛТ” СЭДЭВТ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Бүх дэлхийн Исламын нийгэмлэг, ОХУ-ын Чечень улсын Мусульман шашны газар хамтран зохион байгуулж буй “Ислам- Нигүүсэл ба энхтайвны илгээлт” сэдэвт Олон улсын шашны бага хурлын нээлтийн ёслолын ажиллагаа 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Москва хотын “Президент” зочид буудлын хурлын их танхимд болов.

Шашин хоорондын харилцаа, олон улсын терроризмтай хамтын хүчээр тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх энэхүү олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга И.М.Умаханов, Төрийн Думын Байнгын хорооны орлогч дарга М.С.Селимханов, ОХУ-ын Хойд кавказын асуудал хариуцсан сайд С.В.Чеботарёв, Бүх дэлхийн Исламын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед Бин Абдул-Карим Аль-Иса, Монголын Мусульманы нийгэмлэгийн тэргүүн К.Сайран нар болон бусад орны Лалын шашны тэргүүнүүд оролцов.

Бага хурлын ажиллагаанд амжилт хүсч ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нарын төр, нийгэм, шашны өндөр албан тушаалтан, нэрт зүтгэлтнүүдээс илгээлт ирүүлсэн байна.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг төлөөлж тус Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.

Дэлхийн 43 улсын 250 гаруй төлөөлөгчид оролцож буй Олон Улсын шашны “Ислам- Нигүүсэл ба энхтайвны илгээлт” сэдэвт бага хурлын ажиллагаа 2019 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Грозный хотноо үргэлжлэх ажээ.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.