МОНГОЛ, СОЛОНГОСЫН ДИПЛОМАТЧИД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд У Юн Гын хоёр орны ДТГ-ын ажилтнуудын дунд ширээний теннисний нөхөрсөг тоглолт зохион байгуулах саналыг гаргаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа энэхүү саналыг нь хүлээн авч 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр орны ЭСЯ-дын ажилтнуудын дунд ширээний теннисний нөхөрсөг тоглолт зохион байгуулагдлаа.

Нөхөрсөг тоглолтыг нээж Элчин сайд У Юн Гын баг тамирчдад амжилт хүсээд ахан дүүсийн барилдлагатай хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт өрнөх ёстойг онцлоод энэхүү нөхөрсөг тоглолт нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулах бага боловч чухал алхам гэдгийг илэрхийлэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа нөхөрсөг тоглолтыг хүндэтгэн хэлсэн үгэндээ биеийн тамир спорт нь улс үндэстнийг ойртуулж байдгийг онцолж, ДТГ-уудын ажилтнуудын дунд зохион байгуулж буй энэхүү тоглолт нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлоод цаашид сайхан уламжлал болон тогтохыг ерөөлөө.

Нөхөрсөг тоглолтод Монгол Улсын ЭСЯ-ыг төлөөлж Элчин сайд Б.Дэлгэрмаа, зөвлөх Д.Баасанхүү, хоёрдугаар нарийн бичгийн А.Тамир, гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Баттөр нар оролцлоо. БНСУ-ын ЭСЯ-ыг төлөөлж Элчин сайд У Юн Гын, элчин зөвлөх Ян Гён Хён, цэргийн атташе, хурандаа Чой Хьёнсук, зөвлөх Жун Т.Р., зөвлөх Пак Ж.У., хоёрдугаар нарийн бичгийн дарга Мун Кюн Нам, ЭСЯ-ны дэргэдэх Боловсролын төвийн захирал Бэ К.А. нар оролцлоо.

Нөхөрсөг тоглолтын дараа хоёр багийн тамирчид хамтарсан гэрэл зураг авахуулж бэлэг солилцон, Солонгосын талаас манай багт хүндэтгэл үзүүлэн цом гардууллаа. БНСУ-ын ЭСЯ-ны байранд болсон энэхүү тоглолтыг хөгжөөн дэмжихээр хоёр орны ЭСЯ-ны 40 гаруй хөгжөөн дэмжигч хуран цугларч нөхөрсөг уур амьсгал бүрдүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.