“НЭГДМЭЛ ОРОС” НАМ ОЛОН УЛСЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ГАДААДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГҮҮН НАРТ ТАЙЛАГНАЛАА

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн Нарийн бичгийн даргын орлогч, Олон улсын үйл ажиллаагааны комиссын дарга А.Климовын урилгаар 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүдийн Москва хотод үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай хийсэн уулзалтад оролцов.

Уулзалтаар “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Турчак, тус намын Олон улсын үйл ажиллагааны комиссын дарга А.Климов, намын Дээд зөвлөлийн гишүүн, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын байнгын хорооны дарга К.Косачёв, ОХУ-ын Төрийн Думын Олон улсын байнгын хорооны гишүүн Е.Примаков нар намынхаа олон улсын үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөний талаар илтгэл тавьж, гадаадын ДТГ-ын тэргүүн нарын тавьсан асуултад хариулав. Уулзалтад Европ, Ойрхи Дорнод, Ази, Африк болон Латин Америкийн нийт 52 орны төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцсон дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар нам хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр санал нэгдлээ. Тухайлбал, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуэй БНХАУ болон ОХУ дипломат харилцаа өргөжин тэлэхэд хоёр улсын улс төрийн намуудын гүйцэтгэсэн үүрэг, туулсан замнал чухал байсныг онцлов. Тэрээр 2019 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан намуудын түвшинд хамтарсан цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлэв. Тодруулбал, Хятад, Оросын эрх баригч намуудын яриа хэлэлцээний хүрээнд 7 дугаар чуулга уулзалт, мөн хоёр улсын нийт улс төрийн намуудын 6 дугаар чуулга уулзалтыг тус тус хамтран Бээжин хотноо зохион байгуулна гэв.

БНИтали Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Паскуале Терраччано хоёр улсын төдийгүй парламент хоорондын ажил хэрэгч харилцаа тогтож байгааг онцлон тэмдэглэв.

БНСУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд У Юн Гын хэлсэн үгэндээ хоёр Солонгосын харилцааны асуудлыг хөндөж, Солонгосын хойгт энх тайвныг тогтоож, цөмийн зэвсэггүйжүүлэх явдлыг дэлхий нийтийн өмнө тавигдаж буй чухал зорилт болохыг онцоллоо. Тэрээр энэ дашрамд “Нэгдмэл Орос” нам 2018 оны 10 дугаар сард болсон Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий ассамблейн 10 дугаар хуралдааны үеэр хоёр Солонгосын төлөөлөгчдийн яриа хэлэлцээний талбар бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлэв.

БНАСАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ким Хен Чжун 2018 оны 12 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээр нь хоёр улсын болон намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны чухал хүчин зүйл болсон гэдгийг онцолж, цаашид “Нэгдмэл Орос” намтай харилцаагаа өргөжүүлэх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллана гэв.

Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын байнгын хорооны дарга К.Косачёв, ОХУ-ын Төрийн Думын Олон улсын байнгын хорооны гишүүн Е.Примаков нартай ажил хэргийн яриа өрнүүллээ.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.