АРМИЙН ГЕНЕРАЛ М.А.МОИСЕЕВЫН 80 НАСНЫ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Энэ өдөр Оросын Ахмадын холбооны тэргүүн, армийн генерал М.А.Моисеевын 80 насны ой тохиож байгаатай холбогдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга, хошууч генерал Ч.Самбуу нарын мэндчилгээг, гарын бэлгийн хамтаар Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч урт удаан наслах ерөөлийг дэвшүүлэв.

Мөн энэ оны 8 дугаар сард болох Халх голын байлдааны 80 жилийн ойн баярын арга хэмжээнд хүндэт зочноор ирж оролцох тухай Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга, хошууч генерал Ч.Самбуугийн албан бичгийг гардуулж өгсөн юм.

Армийн генерал М.А.Моисеев нь 1939 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Амур мужийн Малый Ивер тосгонд төрсөн бөгөөд 1957 онд Алс Дорнодын танкийн сургуульд элсэн орж ЗХУ-ын Алс Дорнодын цэргийн тойргийн командлагч, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч хүртэл албан тушаалуудыг хашиж байсан асар их туршлагатай цэргийн удирдагч юм. ОХУ-ын Зэвсэгт хүчин дэх түүний нэр хүнд, туршлагыг харгалзан үзсэний үндсэн дээр 2011 оноос Оросын Ахмадын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.