МОСКВА ХОТНОО ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫНХНЫ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Энэ өдрүүдэд Москва хотноо дэлхийн 120 гаруй орны таван мянга гаруй, ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн арван мянга, нийт арван таван мянган сайн дурынхан оролцож байгаа ”Олон улсын сайн дурынханы цугларалт”  болж байна.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь ОХУ-д 2018 оныг “Сайн дурын хөдөлгөөн”-ий жил болгон зарлаж, жилийн турш  олон арга хэмжээ зохион байгуулсанаа дүгнэх  хаалтын арга хэмжээ болгон зохион байгуулж байгаагаараа, түүнчлэн энэ жилээс хүрээгээ тэлж, олон улсын тодотголтой болж, гадаадын хүсэл эрмэлзлэл, зорилго нэгтэй сайн дурынханыг өргөнөөр оролцуулж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.

Энэ арга хэмжээний гол зорилго нь харилцан бие биенээсээ туршлага судлах, нөхөрлөх, улмаар урам зоригоо сэргээх гэгээлэг зорилготой бөгөөд янз бүрийн хүсэл сонирхолтой, эрмэлзлэлтэй арван настай балчраас далан есөн настай буурай хүртэлх насныхан оролцож байна.

Олон улсын чуулганы нээлтэнд оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хэлэхдээ, ОХУ нь өөрийн орны сайн дурынханыг цаашлаад олон улсын тавцанд гаргах эрмэлзэлтэй байгаа бөгөөд ингэхийн тулд тодорхой алхмуудыг хийж байна. Энэ оны 7 дугаар сард ОХУ-ын ГХЯ НҮБ-ийн дэргэдэх Сайн дурын байгууллагын  хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан болно. Энэхүү санамж бичгийн хүрээнд оросын сайн дурынхан дэлхийн бүс нутгуудад маргааныг энхийн замаар шийдвэрлэх, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах чиглэлээр НҮБ-аас хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээнд оролцох боломжтой болж байгаа юм гэж мэдэгдлээ.

ОХУ-ын хэмжээнд бараг 200 мянга гаруй өсвөрийн сайн дурынхан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж уг чуулганд оролцсон ОХУ-ын Гэгээрлийн сайд Ольга Васильева хэлэв.

Эдгээр өсвөрийн сайн дурынхан 6 мянга гаруй бүлгэм, нэгдэлд хамрагдаж байгаа бөгөөд дийлэнх  нь сайн дурын эмнэлгийн тусламж үйлчилгээ, сувилахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг онцоллоо.

Уг арга хэмжээнд оролцож байгаа сайн дурынхан хэрхэн төөрсөн хүүхдийг хайх, ойн болон хээрийн гал түймрийг унтраах, шархдаж, бэртсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх, түүнчлэн олон хүмүүс, үзэгчдийг хамарсан томоохон  арга хэмжээнүүдэд сайн дурынханы оролцоо,гүйцэтгэх үүрэг зэрэг өргөн сэдвээр санал бодол, туршлагаа хуваалцаж байна.

Оросын сайн дурынханы хувьд өнгөрсөн 7 дугаар сард ОХУ-д зохион байгуулагдсан Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сайн дурынхан ямар түвшинд, өндөр зохион байгуулалттай, үр дүнтэй ажилласан талаар туршлагаа хуваалцлаа.

Чуулган 3 өдрийн туршид  үргэлжлэх бөгөөд арга хэмжээний төгсгөлд энэ оны ОХУ-ын шилдэгийн шилдэг сайн дурын байгууллагыг тодруулах юм.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.