ХАЛИМАГИЙН АРД ТҮМЭН ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭВ

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу “Зулын 25”-ны өдрийг Халимагийн ард түмэн шинэ жилийн баяр болгон тэмдэглэдэг ажээ.

ОХУ-ын Москва хотод ажиллаж, амьдарч байгаа Халимаг иргэд Шинэ жилийн “Зул” баяраа угтсан нэгдсэн арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулав.

Бүс нутгийн олон нийтийн байгууллага- “Улаан залаат” халимагийн нутгийн зөвлөлийн клубээс эрхлэн зохион байгуулсан уг арга хэмжээний хүрээнд Москвагийн хүүхдийн ордонд “Зул” баярт зориулсан Халимагийн ардын болон орчин үеийн дуу хөгжим, үндэсний бүжиг, уламжлалт урлагийн нэрт мастерууд оролцсон баярын концерт болов.

Баярын концертод Халимаг Улсаас сонгогдсон ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын гишүүд, Москва хотод суурин амьдарч байгаа иргэд болон оюутан залуучууд өргөнөөр оролцов.

Баярын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.