“ШХАБ-ЫН МОСКВАГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН VII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Москва хотын Засгийн газрын ордонд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Москвагийн ажил хэргийн яриа хэлэлцүүлэг” олон улсын  бизнесийн VII чуулга уулзалт чуулав. ШХАБ-ын Бизнесийн зөвлөл, ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус чуулга уулзалт нь  ирэх 2019 оны 1 дүгээр сараас Узбекистан улсын төлөөлөгч В.Норов ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд орж буйтай холбогдуулан тус байгууллагын нарийн бичгийн даргын газарт бизнес нийгэмлэгээс хандан тавьж буй санал, зөвлөмжийг танилцуулах, бизнесийн олон талт харилцааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцан сонирхолыг өдөөх зорилготойгоор зохион байгуулагдав.

Чуулга уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон түншлэгч улс орнуудын төр, бизнес болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид, гадаад орнуудаас ОХУ-д суугаа Элчин сайд, элчин сайдын яамны ажилтнууд, худалдааны төлөөлөгчид зэрэг нийт 80 гаруй оролцогчид, 29 орчим илтгэгчид (давхардсан тоогоор) оролцов. Уг чуулга уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа уригдан оролцож, ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү дагалдав.

“Олон улсын худалдааны дайн, хориг арга хэмжээг сөрөн зогсох нь: ШХАБ-ын хүрээнд чөлөөтэй хөгжил, харилцан итгэлцлийн орон зайг бүрдүүлэх эдийн засгийн хөгжлийн нийтлэг стратеги, олон улсын хамтын ажиллагааны шинэ механизм” сэдэвт өргөтгөсөн хуралдааны үеэр 8 илтгэл тавигдав. Түүнчлэн, тээвэр, ложистикийн салбарын олон улсын төсөл, цахим худалдаа, олон улсын бизнесийн харилцаа холбоонд бодитой мэдээлэл хүргэх зэрэг сэдвээр салбар хуралдаанууд хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.