МЭНДЧИЛГЭЭ

… Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр

   Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр

   Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр

   НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би …

Оросын Холбооны Улсад суугаа Эрхэм олон монголчуудаа,

Элэг нэгт ахан дүүсээ,

Та бүхэндээ Монгол Улс хүн төрөлхтөний төрт ёсны хөгжил дэвшил бүгд найрамдах байгуулалд шилжин орсны 94 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Одоогоос 94 жилийн тэртээ БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан Анхдугаар Үндсэн Хуулийг баталсан түүхтэй билээ. Уг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаас сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино гэж заажээ. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл бүгд найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улс түмний нэг болсон юм.

Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон. Энэхүү үндсэн хуулийн үзэл баримтлалын цөм нь Үндэсний ардчилсан үзэл байсан. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг өргөн буюу харьцангуй цогц утгаар тавьж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг өрнө, дорнын сонгодог ардчилсан орнуудаас ч өмнө хуульчилсан байдаг.

БНМАУ-ын анхны Үндсэн хууль түүхэн тодорхой нөхцөл, оюунлагийн төвшин, тухайн нийгмийн харилцааны шууд тусгал байсан юм. 1940, 1960 оны Үндсэн хуульд ангийн шинж чанар гүнзгийрч байсан боловч анхны Үндсэн хуулиар тунхагласан Бүгд Найрамдах байгууллын үзэл санааны залгамж чанар хадгалагдсаар 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуульд жинхэнэ утгаараа тусгагдан амьдралд хэрэгжсэн билээ.

Бүгд Найрамдах Улс тунхагласны 94 жилийн ой нь Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг амь биеэ үл хайрлан хамгаалж ирсэн эх орончид, ахмад үеийнхээ түүхэн гавъяаг дурсан тэмдэглэх баяр гэдгийг мартах учиргүй юм.

Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс минь өнө мөнхөд

үүрд мандан бадрах болтугай!

 

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА

Москва хот

2018 оны 11 дүгээр сарын 26

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.