ЯАМД ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Соёлын орлогч сайд О.С. Ярилова нар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж, талуудын соёлын харилцааг эрчимжүүлэх боломж, арга зам, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд  сайд Ц.Цогзолмаа орчин цагийн соёлын чиг хандлага, тухайлбал аялал жуулчлалын бүтээгдэхүүнд тулгуурласан соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талуудад ихээхэн боломж байгааг тэмдэглээд “Бид уламжлалт соёлын харилцаагаа улам бүр өргөжүүлэх, идэвхжүүлэх шаардлагатай байна. Сүүлийн үед И.Моисеевын, Байгалийн зэрэг Орост төдийгүй олон улсад нэр хүндтэй чуулгууд Монгол Улсад айлчлан тоглосон, хэдхэн хоногийн өмнө гэхэд л  Улаанбаатарт Оросын киноны өдрүүд зохион байгуулагдсан, өмнө нь Монголын кино өдрүүд Москвад болсон зэрэг таатай мэдээг олныг дурдаж болох ч бидэнд улам нягт, өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бий. Сүүлийн жилүүдэд сураг тасраад байгаа Монголын Соёлын өдрүүдийг ОХУ-д, ОХУ-ын Соёлын өдрийг Монголд  зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг харилцан зохион байгуулах шаардлагатай байна.

Ирэх жил бидний хамтын түүхэн ялалт болох Халх голын байлдааны 80 жилийн ой болно. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж, даргаар нь Шадар сайд Ө.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар нь миний бие томилогдон ажиллаж байна. Ялалтын тэгш энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хамтарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, түүхэн үнэнийг хойч үедээ бодитойгоор мэдрүүлэх үүднээс уран сайхны болон баримтад кино бүтээх гээд хойшлуулгүй хийх олон ажил байгааг зориуд тэмдэглэхийг хүсч байна” гээд “Халх голын байлдааны тухай уран сайхны киног Ленфильм студи бүтээхэд зохион байгуулалтын ажилд нь идэвх гарган маш үр дүнтэй ажиллаж байгаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа манай өнөөдрийн уулзалтад оролцож байгааг зориуд талархан тэмдэглэхийг хүсч байна. Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам хоёр талын соёлын харилцааг шинэ шатанд гаргахын тулд ихээхэн чармайлт гарган ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Энэ уулзалт болохын өмнөх мөч хүртэл Элчин сайдын яам уйгагүй ажилласны үр дүнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Соёлын яам хоорондын анхны баримт бичигт гарын үсэг зурах гэж байна. Цаашид ч үргэлжлүүлэн сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Орлогч сайд О.С. Ярилова хоёр талын соёлын харилцааг эрчимжүүлэх талаар  сайд Ц.Цогзолмаатай санал нэг байгаагаа илэрхийлээд “Оросын Соёлын өдрүүдийг ирэх жил буюу Халхын голын ялалтын ойн жилд Монголд, түүний дараагийн жил буюу аугаа эх орны дайны ялалтын 75 ойн жилд Монголын соёлын өдрүүдийг ОХУ-д зохион байгуулах саналтай байна. Үүний тулд бид хугацаа алдалгүй идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ойрын үед олон биш ч гэсэн, өргөн цар хүрээтэй, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болсон  томоохон хэд хэдэн арга хэмжээг тохирох шаардлагатай байна” гээд “Манай яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг архив, музей зэрэг салбаруудын хамтын ажиллагааг ч эрчимжүүлэхэд бэлэн байна.  Мөн бүс нутгуудын, ялангуяа хил орчмын бүс нутгуудын хоорондын соёлын харилцаа, хамтын ажиллагааг бид дэмжин ажиллах болно” гэж онцлон тэмдэглэв.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч, бүтээлч уур амьсгалд болов.

Уулзалтын дараа “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Соёлын яам хоорондын 2018-2020 оны Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж Монголын талыг төлөөлж сайд Ц.Цогзолмаа, Оросын талыг төлөөлөлж орлогч сайд О.С. Ярилова нар гарын үсэг зурлаа.

Уулзалт болон хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл тус тус оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.