МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ” ОЛОН УЛСНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар хүндэт зочноор Москва хотноо 2018 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тээврийн долоо хоног” олон улсын 12 дахь удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихын урилгаар оролцов.

“Тээврийн долоо хоног 2018” олон улсын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Зочны ордон”-д “Оросын тээвэр: Нэгдсэн тоон платформ” сэдэв дор зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагааг ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих, ОХУ-ын Ерөнхийлөгчийн байгаль хамгаалал, экологи, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч С.Б.Иванов, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Д.Ф.Мезенцев, Төрийн Думын гишүүн, Тээвэр, барилгын хорооны дарга Е.С.Москвичев, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга М.А.Акимов нар нээж үг хэлэв. Энэ удаагийн чуулга уулзалтаар тээврийн салбрын уламжлалт арга барилыг орчин үеийн тоон технологитой уялдуулах, зохицуулах асуудлаар дотоод, гадаадын тээврийн мэргэжилтнүүд чуулж байна.

Чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга О.В.Белозёровтой албан уулзалт хийж, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т тусгагдсан шинэчлэл, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаар тохиролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид “Тээврийн долоо хоног 2018” олон улсын чуулга уулзалтын хүрээнд тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын төрийн болон хувийн томоохон аж ахуйн нэгжүүдээс гаргасан үзэсгэлэнтэй танилцлаа.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.