БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Гэгээрлийн сайд  Ю.Ю.Васильева нар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлын уулзалт хийв.

Уулзалтын эхэнд сайд Ц.Цогзолмаа сайд О.Ю.Васильевад “Монгол, Оросын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч төрийн сайдын хувиар Монгол Улсын Боловсролын сайдыг хоёр дахь удаагаа хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх боломжийн талаар санал солилцож байгаа”-д сайд О.Ю.Васильевад талархал илэрхийлээд “ОХУ-ын төр, засаг боловсролын салбар, хүүхэд залучуудынхаа төлөвшил, хүмүүжил, мэдлэг, боловсролд онцгой ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл бол өмнөх Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх, ерөнхий, тусгай дунд боловсрол, түүнчлэн өсвөр үеийн хөгжил, хүмүүжлийн асуудлыг тусгаарлан Гэгээрлийн яамыг байгуулсан явдал юм. ОХУ-ын Боловсролын тогтолцоонд хийгдэж буй шинэчлэлээс бидэнд суралцах зүйл их бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлага, хөгжлийн асуудал, энэ талаар мэргэшсэн мэргэжилтэн бэлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэв.

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю. Васильева яамныхаа салбарт хийгдэж буй шинэчлэл, түүний мөн чанар, агуулга, зорилтын талаар мэдээлээд “манай хоёр ард түмэн олон зуун жилийн туршид ахан дүүсийн найрсаг, найрамдалт харилцаатай байж ирсэн. Бид Монгол Улстай тогтоосон уламжлалт сайн харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдаг. Хариуцсан салбарынхаа хүрээнд туршлагаа хуваалцах, монголын боловсон хүчнийг бэлдэх, ялангуяа мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гээд “Монгол Улсад сүүлийн жилүүдэд орос хэл сурах эрмэлзлэлтэй хүүхэд, залуучуудын тоо өсөн нэмэгдэж байгаад баяртай байна. Ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний цөм хөтөлбөр боловсруулах, багш нарыг давтан сургалтанд хамруулах, арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнд хоёр яамдын хамтын ажиллагаанаас гадна нэгэнт тогтсон бүтэц, тухайлбал орос хэлний төв зэрэг байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа чухал юм” гэж тэмдэглэн хэлэв.

Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монголын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.