МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц үзүүлж буйгаар онцлогтой юм.

Айлчлалын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн агентлаг /Россотрудничество/-ийн орлогч дарга П.А.Швецовтой уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тус уулзалтанд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, БСШУСЯ, их, дээд сургууль болон ЭСЯ-ны төлөөлөл тус тус оролцов.

Сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Засгийн газраас монголын шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндөр үнэлж байгааг тэмдэглэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлон тэмдэглэв. Цаашид Оросын Засгийн газраас манай талд олгож буй квотыг бүрэн ашиглах, суралцах чиглэлийг Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэх тухайлбал, уул уурхай, эрчим хүч, төмөр зам зэрэг салбарын инженерийн чиглэлээр үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхийг чухалчлах гэдэгт талууд санал нэгдэв. Мөн 2019 онд Халх голын 80 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр хамтран зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж буй талаар дурьдав.

ОХУ-ын Холбооны “Россотрудничество” агентлагийн орлогч дарга П.А.Швецов, ОХУ, Монгол Улсын харилцаанд бид бүхний үйл ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Мөн өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын орлогч сайд М.А.Боровскаятай уулзаж хоёр орны дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөвийн талаар санал солилцов. Тус уулзалтанд монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Шинжлэх ухааны Акакдемийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ, их, дээд сургууль болон ЭСЯ-ны төлөөлөл тус тус оролцов.

 

Уулзалтын үеэр хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд болон их, дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа маш идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд Монгол Улсад 2019 оны 07 дугаар сард Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссыг хуралдуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Оросын тал “Шинжлэх ухаан”, “Боловсрол” Үндэсний хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхлэх гэж буйг танилцуулаад, монгол оюутнууд энэхүү хөтөлбөрийн хүрээнд суралцсан их дээд сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний чиглэлээр суралцаж, ажиллаж болох талаар мэдээлэв. Түүнчлэн энэ оны 9 дүгээр сард Байгалийн Улсын Их сургуулийн дэргэд “Орос-Монголын байгалийн нөөц, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлогын хамтын ажиллагааны төв” байгуулагдсаныг сайшааж “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд оросын их, дээд сургууль, түүн дотор Эрхүү, Томскийн эрдэм, шинжилгээний их сургуулийг түшиглэн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн болно.

Тус уулзалтын үеэр хоёр орны “Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2018-2020 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурж байгууллаа.

Айлчлал үргэлжлэж байна.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.