МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЦЭНГЭЛ МОСКВА ХОТНОО АЙЛЧЛАВ

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл 2018 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Москва хотноо айлчилж, Хүрээлэн буй орчны асуудлаарх Монгол-Оросын Холимог комиссын ээлжит VIII хуралдаанд оролцов. Тус хуралд Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцсон ба БОАЖЯ-ны төлөөлөгчид “Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын тогтолцооны хөгжил”, “Дэлхийн өв “Дагуур” байгалийн үзэсгэлэнт газрын усны нөөцийн санг бүрдүүлдэг Улз голын сав газрын тогтолцоо” сэдэвт илтгэлийг тавив.

Энэ удаагийн Холимог комиссын хуралдаанаар тусгай хамгаалалттай дархан цаазат газар, хил дамнасан тусгай хамгаалалттай дархан цаазат газруудын сүлжээг бий болгох чиглэлээрх хоёр талын хамтын ажиллагаа, хил дамнан нүүдэллэдэг зэрлэг ан амьтдын хамгааллын асуудал, дэлхийн өв “Дагуур” байгалийн үзэсгэлэнт газрын усны нөөцийн санг бүрдүүлдэг Улз голын сав газрын тогтолцоо зэрэг асуудлаар санал солилцов. Талууд холимог комиссын хуралдааны төгсгөлийн баримт бичиг – Протокол болон Монгол-Оросын хил дамнасан бүс нутагт сүрэглэдэг Алтайн аргалын хяналтын хөтөлбөрт гарын үсэг зурав. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Холимог комиссын хуралдаанд оролцох үеэр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Усны нөөцийн Холбооны агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.А.Никаноровтой уулзаж, Сэлэнгэ, Онон мөрний хил дамнасан сав газрын усны аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, “Шүрэнгийн Усан цахилгаан станц”, “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний Ажлын даалгаврын урьдчилсан төсөл, хил дамнасан гол мөрний усны чанарын талаар санал солилцов.

Манай төлөөлөгчид “Лосиный остров” үндэсний паркад зочилж, түүний үйл ажиллагаатай танилцав. “Лосиный остров” үндэсний парк нь 1983 онд байгуулагдсан бөгөөд тус паркад 160 гаруй төрлийн шувуу, 38 төрлийн сүүн тэжээлтэн, 15 төрлийн загас, 10 төрлийн хоёр нутагтан, 70 гаруй хандгай, 300 гаруй толбот буга, 200 гаруй бодон гахай, 300 гаруй туулай болон бусад ан амьтан нутагшдаг байна.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.