МЭНДЧИЛГЭЭ

Оросын Холбооны Улсад суугаа Эрхэм олон Монгол ах дүүсээ,

            Монголчууд бидний дундаас төрсөн аугаа суут хүн, Та бидний бахархал омогшлын дээд, эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой – Монгол бахархлын өдрийн халуун мэндийг Элчин сайдын яамны хамт олны өмнөөс та бүхэнд өргөн дэвшүүлье.

            Эрдэмтэд, түүхчдийн тогтоосны дагуу Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ билэгт сайн өдөр хожмын аугаа удирдагч Тэмүжин тэнгэрийн бошгыг илтгэн, баруун гартаа шагайн чинээ нөж атган мэндэлсэн билээ.

            Энэ өдөр Монгол Улсын иргэд төдийгүй дэлхий даяарт тархан суурьшсан монгол угсаатнууд бүгд баярлан бахдаж байгаа. Биднийг Их хааны алдар нэр, суу билэг, сүр сүлд, алд биеэ бус аху Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм. Монголчууд бид үеийн үед их хааныхаа нэр, сүр дор Монгол гэх нэрийг өргөж явах болно.

            Үндэстнийхээ түүх, уламжлалыг сайтар мэддэг их удирдагчийн хувиар Чингис хаан бээр “Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж эмээмүй” хэмээн айлдаж байжээ. Евроазийг дамнасан их гүрний эзэн хааны суурьнаас ингэж хэлж байсан гэдэг түүнийг ёс зүйтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг илтгэдэг.

            Монгол бидний үеийн үед дээдлэх шүтээн Эзэн богд Чингис хаан минь, таныхаа суу билэгт бишрэн мөргөе. Таны минь сүр сүлд, хийморь лундаа монгол биднийгээ үргэлж мөнхөд ивээнэ гэдэгт гүнээ итгэж байна.

Монгол Улс ашид оршиж, Мөнх тэнгэр биднийг ивээг!

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.