МОСКВАГИЙН САГСЧИД ПРАГИЙГ ЗОРИЛОО

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хүрээнд Москва хотноо суралцаж байгаа нийт оюутан, залуучуудын дунд Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Москва хотын 15 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 6 багийн нийт 170 гаруй оюутан, залуучууд оролцож, ур чадвар, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багуудаас Оросын Тээврийн их сургуулийн “Гэрэгэ МИИТ” баг, эмэгтэйчүүдээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Ардын аж ахуй, төрийн албаны академийн “Гэрэгэ Эрдэнэт” багууд тэргүүлсэн юм.

Тэмцээний шагналыг гардуулах үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа түрүүлсэн баг тамирчдыг 2018 оны 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо зохион байгуулагдах Европ дахь монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн  аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд оролцоход ЭСЯ-ны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийг мэдэгдсэн юм.

Үүний дагуу тус тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр Прага хотыг зорилоо.

Тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааны үед Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлэхдээ, та бүхэн ямар олон хүмүүсийн идэвхтэй оролцоо, шаргуу хүч хөдөлмөрийн үр дүнд тэмцээнд оролцох боломжоор хангагдаж байгаагаа ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна.Та бүхний зүгээс  тэмцээнд зөвхөн оролцоо бус, тодорхой  амжилт үзүүлэхийг хүсэж байна гээд нийт тамирчдад амжилт хүслээ.

Энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчээр УБТЗ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газар оролцож байгаа юм.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.