ИТАЛИ-ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦОВ

Италийн Верона хотноо жил бүр зохиогддог Итали-Евразийн эдийн засгийн форум 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд болж  өндөрлөлөө. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус арга хэмжээ “Атлантикаас Номхон далай хүртэл эдийн засгийн итгэлцэл ба бизнесийн дипломати” уриан дор явагдаж дэлхийн 40 гаруй орны 1500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа зохион байгуулагчдын урилгаар оролцов.

Тус Форумыг нээж Италийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Сальвини мэндчилгээ дэвшүүлэв. Олон улсын хамтын ажиллагааны сангийн Ерөнхийлөгч, Италийн Ерөнхий сайд /1996-1998, 2006-2008/, Европын комиссын Ерөнхийлөгч /1999-2004/ Романо Проди, Роснефть НХН-ийн Тэргүүн гүйцэтгэх захирал Игорь Сечин, ВР бүлэг компаний Тэргүүн гүйцэтгэх захирал Роберт Дадли, ВТБ банкны УЗ-ийн дарга  Андрей Костин, Glencore International  компаний Тэргүүн гүйцэтгэх захирал Айван Глазенберг, Trafigura компаний Тэргүүн гүйцэтгэх захирал Жереми Вейр, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Александр Грушко, Евразийн Эдийн засгийн Комиссын  макроэдийн засаг, интеграчлалын асуудал хариуцсан сайд Татьяна Валовая, мөн тус Комиссын худалдааны сайд Вероника Никишина, Олон улсын энх тайвны сангийн дарга Альфред фон Лихтенштейн, Европын Холбооны Комиссийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн ерөнхий газрын дарга Стефано Мансервизи, Орос ба Беларуссийн Холбооны улсын Төрийн нарийн бичгийн дарга Григорий Рапота, ОХУ-ын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин зэрэг олон хүн илтгэл тавьж оролцов.

Энэ удаагийн Форумын хүрээнд “Эдийн засгийн итгэлцэл ба Их Евразийн эрчим хүчний аюулгүй байдал”, “Орчин үеийн геополитикийн нөхцөл байдал ба бизнесийн эрх чөлөө”, “Ирээдүйн Евразийн эдийн  засагт үсрэлт хийхэд санхүүгийн нөөц боломж”, “Атлантикаас Номхон далай хүртэл дэд бүтэц”, “Хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар дахь инноваци”, “Шинэ технологи нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэг баримжаа болох нь” сэдвээр салбар хуралдаанууд болсон нь өвөрмөц байлаа.

Элчин сайд Б.Дэлгэрмаа урьд өмнөх хоёр Форумд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын асуудлаар илтгэгчээр оролцож байсан бол энэ удаад тус Форумын төгсгөлд бүхэлд нь дүгнэх модератороор оролцов. Тэрээр ирэх жилээс эхлэн тус Форумын ажиллагаанд монголын бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулах чиглэлээр ажиллаж улмаар Итали-Монгол-Оросын хамтарсан үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих болно хэмээн онцлов.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.