МОНГОЛ-ОРОСЫН СУДЛААЧДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Гайдарын сан, “Европын диалог” судлаачдын бүлэг хамтран Монгол-Оросын судлаачдын дунд дугуй ширээний хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Москва хотноо Е.Т.Гайдарын нэрэмжит Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулав. Монгол Улс-ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, найрамдлын 59 дэх сарын хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол болон Орос Улс дахь шинэчлэл өөрчлөлтийн үйл явц- Нийтлэг үнэ цэнэ эсхүл онцгой зам ” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон “Европын диалог” судлаачдын бүлгийн Гүйцэтгэх захирал Е.Ш.Гонтмахер нээв. Тэд нээлтийн үгэндээ 1990 оноос хойш манай хоёр оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцын нийтлэг болон онцлог шинж чанарын талаар судлаач, шинжээчид дүгнэн цэгнэх, сургамж авах, туршлагаас харилцан суралцахын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Монголын талаас Эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч Да.Ганболд, Дэлхийн банкны Төсвийн шинэчлэлийн төслийн зөвлөх Б.Загал, оросын талаас Эдийн засгийн дээд сургуулийн профессор бөгөөд Европын диалог судлаачдын бүлгийн дарга Е.Гонтмахер, Гайдарын сангийн Удирдлагын зөвлөлийн гишүүн бөгөөд хуулийн санаачлагыг дэмжих сангийн Ерөнхийлөгч Г.А.Томчин, Гайдарын сангийн Итгэмжлэгдсэн зөвлөлийн гишүүн бөгөөд “Иргэний санаачлага” намын дарга А.А.Нечаев нар “1990-2000 онуудын нийгэм-улс төр, нийгэм-эдийн засгийн институциудын өөрчлөлт, шинэчлэл”, “Хоёр улсад өрнөсөн шинэчлэл өөрчлөлтийн үйл явцын нийтлэг болон онцлог хүчин зүйл” дэд сэдвээр үндсэн илтгэл тавив.

Дугуй ширээний хэлэлцүүлэгт Гайдарын сан, Европын диалог судлаачдын бүлгийн удирдах ажилтнууд, судлаач шинжээчид, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Москва хотноо сурч буй монгол оюутны төлөөлөл зэрэг нийт 20 гаруй хүн оролцов. Хоёр орны судлаачдын дугуй ширээний хэлэлцүүлэг нөхөрсөг, илэн далангүй уур амьсгалд амжилттай явагдав.

Энэ оны 9 дүгээр сард Гайдарын сангаас хоёр орны шинжээч, судлаачдын дунд дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах санал дэвшүүлснийг Элчин сайд Б.Дэлгэрмаа дэмжин хүлээн авч, хоёр улсын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр тохиролцсоны дагуу уг дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа болно.

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.