ЭЛЧИН САЙД Ж.САМБУУГИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын найрамдлын 59 дэх удаагийн сарын хүрээнд Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээнийг Москва дахь Элчин сайдын яамны Төв байранд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Уг тэмцээнд Москва хотноо сурч, амьдарч буй Монгол иргэд өргөнөөр оролцож, өөрсдийн оюуны хурд, хүчээ шатрын өрөг дээр уралдууллаа.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Оросын найрамдлын сар, хоёр орны хооронд дипломат харилцааны тогтоосны 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит шатрын энэхүү уламжлалт тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж байгаад миний бие сэтгэл нэн хангалуун байна. Шатар бол оюун ухааны спорт, найман настай балчраас наян настай буурай хүртэл тоглодог нийтийн спорт, мөн манай монголын уламжлалт тоглоом билээ. Шатар оюун ухааныг эрчлэхээс гадна тархи толгойг сэргээх, амраах нэгэн хэрэглэл. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Элчин сайд Ж.Самбуу энэхүү спортыг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнийг шимтэн тоглодог байсныг бид бүгд мэднэ. 1941 онд гадаад орнуудын ДТГ-ын бүх төлөөлөгчид Москвагаас нүүсэн байсан үед гагцхүү Элчин сайд Ж.Самбуу Москва хотноо үлдэж, эх орноо төлөөлөн ажиллаж байсныг түүх гэрчилнэ. Эх орны дайны хамгийн хүнд бэрх үед манай ард түмэн ийнхүү фашизмын эсрэг тэмцэлд нэгдсэн анхны орон – Монгол Улсын Элчин сайд тэрээр 1955 онд Монгол Улсыг Олон улсын шатрын холбоонд элсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн манай нэртэй төрийн зүтгэлтэн юм. Өдгөө бид энэхүү эрхэм хүмүүнийг эргэн дурсаж, түүний нэрэмжит шатрын тэмцээнийг 2 дахь удаагаа зохион байгуулж буйг” онцлов.

Түүний дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин, шатрын спортын мастер, Оросын нийгмийн ухааны их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан А.Дөлгөөнтэй нөхөрсөг тоглолт хийж тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв.

Элчин сайд Ж.Самбуугийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээнд нийт 22 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тоглолт швейцар системээр нийт 7 өрөг тоглогдож аваргаа шалгарууллаа.

 

Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байранд Оросын нийгмийн ухааны их сургуулийн оюутан А.Дөлгөөн, дэд байранд Эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Анхбаяр, гутгаар байранд Цөмийн судалгааны үндэсний их сургуулийн оюутан Н.Нармандах, эмэгтэй төрөлд Ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн оюутан Х.Марал, дэд байранд мөн сургуулийн оюутан Д.Дайриймаа, гутгаар байранд Санхүүгийн их сургуулийн оюутан Ч.Оюунбилэг нар шалгарч тус бүр медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Оролцогчдын оюуны авхаалж самбааг сорьсон тус тэмцээн тун өрсөлдөөнтэй, амжилттай болж өндөрлөлөө.

Дараа жилийн тэмцээнээр эргэн уулзацгаая.

Монгол, Оросын “Найрамдлын сар” үргэлжилж байна…

 

2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.