ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН МУЗЕЙД ТОМООХОН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ

ОХУ-ын Соёлын яамны харьяа Дорно дахины судлалын улсын музей байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Тэмдэглэлт ойн хүрээнд музейн хамт олон олон цуврал арга хэмжээг зохион байгуулж, үзэгч олонд хүргэж байгаагийн нэг томоохон арга хэмжээ нь 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус музейн үндсэн зургаан танхимд зохион байгуулагдах “Восток-Другая красота” үзэсгэлэн болж байна.

Энэхүү үзэсгэлэнд Дорно дахины болон Төв азийн  бүх улс орнууд түүний дотор БНХАУ, БНСУ, Япон, Монгол Улс, цаашлаад Исламын ертөнцийн  орнуудын музейн сан хөмрөгийн ховор нандин үзмэр,  бүтээлүүдээс гадна тус музейн сан хөмрөгийн  150 000 гаруй үзмэрээс сонгогдсон 400 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлэх юм байна.

Эдгээр үзмэрт сонгодог зураг, уран зураг, эртний гоёл чимэглэл, гар урлал, олон үндэстний хувцас, эдлэл багтаж байгаа болно.

Үзэсгэлэнг үзэж сонирхсоноор Дорно дахины улс орнуудын баялаг түүх, уламжлал, ёс заншил, эртний эд өлгийн зүйлтэй танилцахаас гадна дорнын эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, гоо үзэсгэлэнгийн гайхамшгийг  мэдрэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байна.

Олон улс орны  эмэгтэй хүний эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэлийн эд зүйлс, гутал, өдөр тутмын болон ёслол хүндэтгэлийн хувцас, хэрэглэл үзэсгэлэнгийн үзмэрт багтаж байгаагийн дотор монгол эхнэр хүний үсний гоёл, дээл хувцасны хослолыг онцгойлон үзүүлэхээр бэлтгэснээс гадна тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Сономцэрэнгийн бүтээл “Түшээт ханы эхнэрийн хөрөг” /1948/ зургийн хуулбар,  Ардын зураач, Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Ү.Ядамсүрэнгийн “Шанзчин бүсгүй” /1959/ эх бүтээл зэргийг дэлгэн үзүүлэхээр бэлтгэсэн байна.

2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Digital Eyes компани бүтээв.